Их найрагчийн төрсөн өдрөөр “Шүлгэн хүлэг” нэртэй тэмцээн зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн мэндэлсэний 89 жилийн ой, түүний төрсөн өдөр буюу гуравдугаар сарын 15-ны өдөр төрж өссөн Алдархаан суманд нь “Шүлгэн хүлэг” нэртэй яруу найргийн тэмцээн боллоо.
Энэхүү тэмцээнийг жил бүр их найрагчийн төрсөн өдөр уламжлал болгон сумын Соёлын төвөөс зохион явуулдаг байна. Энэ жилийн “Шүлгэн хүлэг" яруу найргийн наадам 11 дэхь удаагаа хоёр үе шаттай амжилттай явагдаж дүнгээ гаргажээ. Энэ жилийн наадамд Алдархаан сумын ерөнхий боловсролын сургуулийн 60 гаруй хүүхдүүд өрсөлдөж нэгдүгээр шатанд их найрагчийн шүлэг бүтээлийг уран уншиж өрсөлджээ. Харин хоёрдугаар шатанд хүүхдүүд өөрсдийн зохиосон шүлгээрээ уралдсан ажээ. Ийнхүү 11 дэхь удаагийн “Шүлгэн хүлэг”-т Алдархаан сумын дунд сургуулийн 6-р ангийн суралцагч С.Болорцэцэг түрүүлжээ.
Дашрамд энэхүү наадмаар дамжуулан их найрагчийн намтар, уран бүтээлийг сурталчлах, хүүхэд залуусыг эх хэлээ дээдлэх үзэлд төлөвшүүлэх, шүлэг найргийн тансаг уянгаар ард иргэддээ оюуны цэнгэл эдлүүлэх, их найрагчийнхаа үйл хэргийг мөнхлөх зорилготой зохион байгуулж ирсэн тухай зохион байгуулагчид хэллээ.
Б.Мягмарсүрэн