Засаг дарга зарим сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай гэрээ байгуулахаас татгалзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-03-19 18:44:05

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан 24 сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагийн удирдлагууд, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай 2018 онд "Төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ"-г байгууллаа. Сахилга, хариуцлагыг сайжруулах жилийн хүрээнд ажлын тайлан болон иргэдийн үнэлгээгээр хангалтгүй үнэлгээ авсан, төрийн албаны шалгалт өгөөгүй, санхүүгийн зөрчилтэй таван сургууль, таван цэцэрлэгийн эрхлэгчтэй аймгийн Засаг дарга гэрээ байгуулахаас татгалзсан бол эхний таван байрт шалгарсан сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг харин шагнаж урамшуулсан байна. 

Энэ жилийн хамтран ажиллах гэрээнд Завханы төрийн албан хаагчдын баримтлах 9 зарчмыг нэмж тусгаж шинээр аймгийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нартай хамтран ажиллах гэрээ байгуулсан нь онцлог болов.
Гэрээнд төрийн албан хаагчийн баримтлах зарчмыг Завханы бүх шатны төрийн байгууллагад мөрдүүлэх, иргэндээ үйлчилдэг төртэй байх үүднээс төрийн албан хаагч бүр айл өрхүүдийг хариуцан, иргэдийнхээ санал бодлыг сонсож, тэдний өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх тухай заалтуудыг дэлгэрэнгүй тусгажээ. Харин энэ гэрээ нь сумын Засаг дарга, албан байгууллагын удирдлагууд төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх, төсвийн удирдлагын зарчмыг хэрэгжүүлэхэд аймгийн Засаг дарга, сум, албан байгууллагын дарга нарын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, эцсийн үр дүнг үнэлж дүгнэх. Мөн орон нутгийн төсвийн санхүүжилт, тусгай зориулалтын шилжүүлгийн орлогоор үзүүлэх төрийн ба нийтлэг үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх зорилготой ажээ.

Түүнчлэн сум, агентлаг, албан байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах,  албан байгууллага, цаашлаад төрийн албан хаагч нэг бүрийн хариуцах ажлыг тодорхой, нарийн зааж өгсөн байна. Мөн үеэр сургуулийн захирал,  цэцэрлэгийн эрхлэгч нартай өмнө нь Хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй бол энэ жилээс эхлэн хуулийн дагуу Хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.
Нэмж дуулгахад энэ жилээс 24 сумын Засаг дарга нар босоо удирдлагатай агентлагийн дарга, мэргэжилтэн нарын "Гурвалсан гэрээ"-г мөн байгуулдаг болжээ. Ингэснээр сумын хэмжээнд төрийн ажлын уялдаа холбоо сайжирч, ажлын бүтээмж, үр дүн нэмэгдэх юм хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Б.Мягмарсүрэн


Related news