“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёрдугаар шат Говь-Алтай аймагт хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-04-04 17:25:30
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Засгийн газрын 2017 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 112 дугаар тогтоолоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр батлагдаж өнгөрсөн онд эхний шатыг улс даяар хэрэгжүүлсэн бол өнөөдөр тус хөтөлбөрийг хоёрдугаар шатыг орон нутагтаа хэрэгжүүлэхээр Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газраас нээлтийн арга хэмжээ зохиолоо.
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн дагуу Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм 2017-2021 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө орон нутгийн хүн амын элэгний вирүсийн халдварыг эрт илрүүлэх, эмчлэх, вирүсийн тархалтыг хязгаарлах, вирүст гепатитаас урьдчилан сэргийлэх, элэгний өвчлөл, түүнээс үүдэлтэй архаг үрэвсэл, цирроз, анхдагч хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилгоор “Элэг бүтэн-Алтай” дэд хөтөлбөрийг тусган өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Уг хөтөлбөрийн хүрээнд 2017 онд Говь-Алтай аймгийн 40-65 насны 8642, 65-аас дээш насны 951 иргэнийг элэгний В,С вирүсийн эрт илрүүлгийн үзлэгт хамруулсанаас эдгээр иргэдийн 7 хүн тутмын нэг нь В вирүсийн халдвартай, 9 хүн тутмын нэг нь С вирүсийн халдвартай гэж оношлогдсон байна. В,С вирүсийн халдвартай 1000 гаруй иргэнийг вирүсийн идэвхжлийн шинжилгээнд хамруулсан ба түүний 170 гаруй иргэн С вирүсийн  эмчилгээнд хамрагдан эдгэрч, 200 гаруй нь В вирүсийн эмчилгээнд, 200 гаруй хүн эмийн эмчилгээнд хамрагдаж байгаа ажээ.
Иргэдийнхээ эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, халдвараас хамгаалах дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж, эмчлэх, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажлуудыг хийхээр аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Биеийн тамир спортын газар, Нэгдсэн эмнэлэг, сум, багийн өрхийн Эрүүл мэндийн төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хамтран ажиллаж байна.
Энэ онд уг хөтөлбөрийн 2 дахь шатыг “Эрүүл мэндийн даатгалыг Иргэн бүрт” уриан дор, 15-39 насныхан болон өнгөрсөн жилийн эрт илрүүлэгт хамрагдаагүй 40-65, 65-аас дээш насныхныг Эрүүл мэндийн даатгал төлсөн эсэхийг үндэслэн  элэгний В, С вирусын шинжилгээнд хамруулах зорилт тавин ажиллаж байна. 
Тус аймаг нь элэгний хавдрын өвчлөл, нас баралтын хувьд улсын дундаж түвшнээс дээгүүр түвшинд байгаа учир иргэдийг эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Э.Нарангэрэл

Related news