Мардай орчимд цацрагийн хэмжээ их гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-11-27 12:48:51

Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэгээс Дорнод аймгийн Чойбалсан хот, Дашбалбар сумын Мардай орчмын нутаг дэвсгэрт цацрагийн хэмжилт судалгаа хийжээ.

Аймгийн БОАЖГазрын захиалгаар хийсэн энэ судалгаагаар Чойбалсан хотын 100 гаруй цэгээс хөрсний дээж авч, гамма спектрометрийн судалгаа явуулсан тухай судалгааны багийнхан ярьж байна. Цацрагийн дундаж хэмжээ 63 нгр\ цаг байсан нь дэлхийн дунджаас 1,5 дахин их үзүүлэлт гэнэ. Чойбалсан хотын хөрс улсын дунджаас 1,9 дахин их эвдрэлд орсон гэж дүгнэжээ. Энэ нь хүний үйл ажиллагаатай холбоотой  аж.

Мардай орчим тухайлбал, Гурванбулагийн ураны далд уурхай орчмын хөрсөн дэх цацрагжилтын хэмжээ дэлхийн дунджаас хэд дахин их гарсан байна. Энэ уурхайг ажиллуулж байх үед уурхайн гүний усыг баруун урагш чиглэсэн хоолойгоор урсгаж байжээ. Одоо тэгтэл энэ хоолойн хөрсөн дэх уран, радийн цацраг идэвхийн тэнцвэр 2-5,7 дахин алдагдаад байгааг судлаачид тогтоожээ. Өөрөөр хэлбэл хөрсний дээжинд уран 5,7 дахин их хэмжээгээр баяжсан гэсэн үг юм.

Судалгааны багийнхан Чойбалсан хотын Дулааны цахилгаан станцын үнс, шаарыг орон сууцны барилгын ажилд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт гарчээ. Гэсэн ч уран ихтэй нүүрсний давхаргыг тусад нь ялган авсан тохиолдолд станцыг үнсийг ашиглах боломжтой гэнэ. Чойбалсан хотын агаар болон хөрсний цацраг идэвхийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байхын тулд цахилгааны станцын утааны шүүлтүүрийг тогтмол сайн ажиллуулахыг зөвлөсөн дүгнэлт гарчээ.  

Б.Туяа

Related news