Улсын арслан П.Бүрэнтөгс шинэчлэгдсэн чансааг тэргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-04-09 14:39:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос шинэчилж гаргасан чансааг Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс 5964 оноогоор тэргүүлжээ.

Хүчит бөхчүүдийн уг чансааг энэ жилийн Цагаан сарын баярт зориулсан барилдаанаас эхлэн өнгөрсөн бямба гарагт болсон Ардчилсан намын 28 жилийн ойн барилдаан хүртэлх нийт дөрвөн барилдааны дүнг хамруулжээ. П.Бүрэнтөгс арслан цагаан сараас хойш зохион байгуулсан бүх барилдаанд зодоглосон байна.

Тухайлбал, цагаан сарын барилдаанд үзүүрлэж, Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны 28 жилийн ойд зориулсан барилдаанд түрүүлжээ. Харин Эх орончдын өдрийн барилдаанд зодоглож,  хоёрын даваанд өвдөг шороодсон бол Зэвсэгт хүчний 97 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулсан барилдааны зургаагийн даваанд  унасан байна.

Чансааны дэд байрт Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий 5870 оноотойгоор, гуравдугаар байрт 5250 оноотой Монгол Улсын аварга Ч.Санжаадамба нар тус тус бичигджээ. Тэдний араас у.н Б.Амарзаяа /4200/, у.ар Р.Пүрэвдагва /3567/, у.х О.Хангай /3540/, а.а Б.Даваа-Очир /2985/, у.н Ч.Баянмөнх /2840/, а.а Г.Ганбаатар /2615/, у.н Д.Анар /2470/ нар дөрвөөс 10 дугаар байрт эрэмбэлэгджээ.

Д.Өлзий
Related news