“Сэтгэлд дотно Хөлөнбуйр” уралдааны дүн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-11-30 15:36:05

“Сэтгэлд дотно Хөлөнбуйр” уралдааны дүн гарлаа. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Ухуулах сурталчилгааны Мэдээ мэдээллийн алба, Шинэ барга баруун хошуутай хамтран Монгол Улсын хэмжээнд “Сэтгэлд дотно Хөлөнбуйр” бичлэгийн уралдааныг 6 сарын хугацаатай зарласан юм.

Хятад, Монгол хоёр орны найрамдал нөхөрлөлийн хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэн бэхжүүлэх зорилготой уг уралдаанд  бичлэгийн бүхий л төрлөөр 60 гаруй бүтээл иржээ.

Оролцогчид ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хот болон бусад хошуу нутгаар зорчиж байсан тухайгаа сурвалжлага, тэмдэглэл, асуудал дэвшүүлсэн өгүүлэл, шүлэг яруу найраг, бодол эргэцүүлэл гэхчлэн  чөлөөт төрлөөр бичиж, хоёрдугаар шатанд 20 гаруй бүтээл үлдсэнээс эхний байруудыг хоёр орны шүүгчид хамтран шалгаруулсан байна.

Нийтдээ 6 сая төгрөгийн шагналын сантай, оролцогч бүр гарын бэлэгтэй энэ уралдааны эхний байрыг “Дорнод” сонины сэтгүүлч Д.Дэлгэрмаа “Өдрөөс өдөрт өнгө нэмэх Шинэ барга баруун хошуу” сурвалжлагаараа эзэлж, уралдааны хоёрдугаар байрт МЗЭ-ийн гишүүн, Монголын сайтуудын холбооны Хяналтын зөвлөлийн дарга Б.Цоожчулуунцэцэгийн “Түүх хүүрнэж дурсамж бүтээх Хөлөнбуйр” аян замын тэмдэглэл,  МЗЭ-ийн гишүүн, Монголын радиогийн Дорнод аймаг дахь сурвалжлагч Л.Хэрээгийн “Хамба хилэн туг буюу хатуу өвлийн их нүүдэл” эрэн сурвалжлах тэмдэглэл оржээ. Харин гуравдугаар байрын шагналыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Жамбалгарав, МСЭ-ийн “Ган үзэгтэн” шагналт, “Дорнод” сонины сэтгүүлч Н.Мөнхсайхан, Хэрлэн сумын 5 дугаар сургуулийн багш Ш.Нарантуяа, Хэрлэн сумын иргэн С.Хархүү нар хүртжээ.

Б.Туяа

Related news