Хан Хэнтий цогцолбор сургуулийн өргөтгөлийг гүйцэтгэгч компани өөрийн хөрөнгөөр барьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 11:07:33

Хэнтий аймгийн улсын Хан Хэнтий цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилгыг улсын төсвийн 2,4 тербум төгрөгийн өртөгөөр барихаар төлөвлөснөөс 600 сая төгрөг нь улсын төсөвт сууж, үлдсэн хөрөнгө нь 2016 онд шийдэгдэх байжээ.

Харин барилгын ажлын гүйцэтгэгч Г.Хосбаяр захиралтай “ӨВМТХ” ХХК нь нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, өөрсдийн хөрөнгөөр өргөтгөлийн барилгыг барьж, хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулж, нээлтээ хийв.

Нээлтэд аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Н.Базарханд, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ш.Жавхлан, БСГ-ын дарга З.Бат-Эрдэнэ, БТСГ-ын дарга Л.Баяраа, “ӨВМТХ” ХХК-ний захирал н.Хосбаяр, Хан Хэнтий цогцолбор сургуулийн захирал Б.Мөнхбаяр тэргүүтэй удирдлагууд оролцож, ёслолын тууз хайчиллаа.
Энэ үеэр “ӨВМТХ” ХХК-ний захирал Г.Хосбаяр тус сургуулийн дотуур байрны гал тогоонд зориулж, компанийхаа зүгээс иж бүрэн гал тогооны хэрэгслийг бэлэглэсэн юм.

Тус хичээлийн байр ашиглалтанд орсноор багш, ажилчдын ажиллах, сурагчдын эрдэм номондоо шамдан суралцах ая тухтай орчин бүрдэж байгаа хэмээн сургуулийн хамт олон үзэж байна.

“Хан Хэнтий” цогцолбор сургууль нь анх 1979 онд Сангийн аж ахуйн 8 жил нэртэйгээр 280 хүүхдийн багтаамжтай ашиглалтанд орж байсан бол 1985 онд 10 жилийн хоёрдугаар сургууль, 2002 онд Хэнтий аймгийнхаа цогцолбор сургууль болж өргөжин тэлсээр өнөөдөр 70 гаруй багш, ажилчид, 700 гаруй сурагчтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд 29 удаагийн төгсөлтөөр 2200 гаруй иргэнд бүрэн дунд боловсрол эзэмшүүлжээ.

О.Буянхишиг

 

 

Related news