Иран, ОХУ бизнесийн хэлэлцээр байгууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2015-12-22 11:48:37

ТЕГЕРАН. /IRNA/. Ираны нийслэл Тегеран хотын олон улсын үзэсгэлэнгийн танхимд гарсан ОХУ-ын Үндэсний үзэсгэлэнгийн үеэр хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагааны хоёр санамж бичигт гарын үсэг зуржээ.

ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн сайд Денис Мантуров, Ираны Аж үйлдвэр, уул уурхай, худалдааны сайд Мохаммед-Реза Нематзеда нар хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.

Мөн комбайн үйлдвэрлэх технологи солилцох тухай хэлэлцээрийг хоёр улсын хувийн хэвшлүүд байгуулжээ.

ОХУ-ын Аж үйлдвэрийн “Худалдаа, аж үйлдвэрийн яриа хэлцээ: ОХУ болон Иран” үзэсгэлэн өчигдөр Тегеран хотын “Airshow” төвд нээлтээ хийсэн байна. Үзэсгэлэн энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ.

Ираны дэд Ерөнхийлөгч Сурена Саттари, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн сайд Денис Мантуров, “United Aircraft” корпорацийн ерөнхийлөгч Юрий Слюсарь, Калуга мужийн захирагч Анатолий Артамонов, ОХУ-ын Экспортын зээл, хөрөнгө оруулалтын даатгалын агентлагийн /ЭКСАР/ ерөнхий менежер Алексей Тюпанов, ОХУ-ын аж үйлдвэр, технологийн компаниудын 100 гаруй гүйцэтгэх захирлаас бүрдэх Оросын экспортыг дэмжих агентлаг болон мужуудын захирагчид гээд Засгийн газрын албаны болон нэр төр бүхий зочид, төлөөлөгчид арга хэмжээнд оролцсон байна.

Д.Нямтулга

 

関連ニュース