Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажилтай болгох асуудлаар ярилцав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдрийг угтан аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөлөөс “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоо, тэгш байдлыг хангаж, эрх мэдэлжүүлэх” сэдэвтэй арга хэмжээг энэ сарын 28-нд зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон асран хамгаалагчдын төлөөлөл гээд 150 гаруй хүмүүс оролцжээ.
Арга хэмжээний гол зорилго нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөлөөс энэ онд хийсэн ажлаа тайлагнаж, ХБИ-ийн хүртээмжтэй орчин, ХБИ-ийн хөгжил ба хандлага, тэдний хөдөлмөр эрхлэлт ба тэгш байдлын талаар мэдээлэл өглөө. Энэ хүрээнд ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилтай орлоготой болгох талаар нэлээд яригдсан байна. Тухайлбал, дүлий хэрнээ сайн мужаан хүн төрийн албанд яагаад байж болохгүй гэж, тэргэнцэртэй хэрнээ сайн нягтлан бодогч хүн яагаад ажиллаж болохгүй гэж, сонсголгүй иргэд яагаад харуул манаа, цэвэрлэгээний ажил хийж болохгүй гэж зэрэг асуудлыг тавьж байлаа.
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан хариулахдаа “Бид “Өрх бүр үйлдвэрлэгч” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх гээд 2019 оны төсөвт 250.0 сая төгрөгийг тусгаж байгаа. Зөвхөн төрийн албанд ажиллана гэлгүй бид өөрсдийн хийж чадах бүхнээрээ өөрсөддөө ажлын байрыг бий болгож ажиллаж чадна. Тухайлбал, энэ хөтөлбөрийн хүрээнд 50 ширхэг хүлэмж бий болгоно. Нэг хүлэмжинд хоёр хүн ажиллана гэж бодоход 100 ажлын байр бий болно. ХБИ маань энэ ажлыг хийж болж байна” зэрэг бизнес эхлүүлэх гарцыг хэлж өглөө. Мөн Эрдэнэбулган сумын ЗДТГ-ыг ирэх онд давсан орлогоосоо ХБИ-д бага хүүтэй зээл олгох, аливаа ажил, арга хэмжээг нь хамтран зохион байгуулах талаар тус сумын Засаг дарга Ж.Гурвантамирт чиглэл өгөв.
Үүний дараа аймгийн удирдлагууд
иргэдээс санал хүсэлтийг сонссон юм. Иргэд хэлэхдээ, түлээний мөнгө, хүнсний
талонд хамрагдах хүсэлтэй байгаагаа хэлж байлаа. Мөн өөрсдийн гараар хийж
бүтээсэн бүтээгдэхүүнийг борлуулах нэг лангуутай болох талаар санал хэлсэн. Аймгийн
удирдлагууд нийгмийн халамжид хамрагдах хүсэлтийг судалж үзэхээр болж, удахгүй
ашиглалтад орох “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвд лангуутай болгож өгөхөөр
боллоо. Мөн хөгжлийн бэрхшээтэй эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн үзлэгийн орны
асуудлыг даруй шийдэж өгөхөөр болсон юм.