Увс аймгийн ИТХ-ын ээлжит IX хуралдаан болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит IX хуралдаан өнөөдөр эхэллээ. Хуралдаан хоёр өдөр үргэлжлэх бөгөөд хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм. Эхний асуудал Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс тогтоох тухай асуудал байсан бөгөөд үүнийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Увс аймаг Увс нуур-Тэсийн гол, Хяргас
нуур-Завхан гол, Хар нуур-Ховд голын гэсэн гурван сав газарт хуваагддаг юм.
Уг ажлыг гүйцэтгэхдээ уст цэгийн тоо бүртгэлийн дүн, байр зүйн зураглал, хиймэл
дагуулын зураглал, Монгол орны хэмжээнд гол нуурын эрэг орчмын ус намгархаг
газар, татмын байгалийн хилийг зурагласан ажлын тайланг үндэслэн Агс Мар
програм дээр хамгаалалтын бүсийн солбицол, хэмжээг тогтоож хээрийн судалгаа
болон суурин боловсруулалт хийсэн байна. Тэрчлэн Увс аймгийн хэмжээнд
Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд 1249672,35 га, энгийн
хамгаалалтын бүсэд 1473047,33 га газар хамрагдаж байна. Энэ нь аймгийн нийт
газар нутгийн 21,2 хувьтай тэнцэж байгаа аж.
Хуралдаанаар хэлэлцэх дараагийн асуудлууд бол Увс аймгийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх журам, Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах журам батлах тухай зэрэг асуудал юм. Хуралдааны ирц 70 хувьтай байна.