Жон Керри 2300 цагийг агаарт өнгөрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри лхагва гарагт Бахрейн улсад хүрэлцэн очсон нь ердийн нэгэн айлчлал мэт харагдах боловч Америкийн түүхэнд тэмдэглэгдэхээр үйл явдал гэнэ. Учир нь, тэрбээр дипломат албан үүргээ гүйцэтгэхийн тулд хамгийн ихээр гадаадад зорчсон Төрийн нарийн бичгийн дарга болж байна.
Төрийн Департаментын мэдээллээр бол, Ж.Керри нисэх онгоцоор 1 сая 609 мянга гаруй км газрыг туулж албан үүргээ гүйцэтгэсэн ажээ. Энэ нь Кондолиза Райсын тогтоосон “дээд амжилт”-аас үл ялиг давсан хэрэг юм. Керри нийтдээ 2300 цагийг агаарт өнгөрүүлсэн бөгөөд цаашдаа энэ тоо нэмэгдэх нь ойлгомжтой.
Дашрамд дурдахад, өмнөх Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон хамгийн олон буюу нийтдээ 112 улс оронд айлчилсан нь бас л нэг төрлийн “дээд амжилт” юм.
Д.Нямтулга