Батцэнгэлийн багш нар сурагчдадаа хүрч ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Батцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 33 багш, таван ажилтан 3-р сарын 30, 31-ний өдрүүдэд төв, хөдөөгийн зургаан багийн 514 сурагчид хүрч ажилласан байна.
Ингэхдээ сурагчдын теле хичээл болон багш нарын өгсөн даалгаврыг хэрхэн хийж байгаатай танилцаж, эцэг эхчүүд, сурагчдад зөвлөн тусалжээ. Мөн 03-р сарын 30-наас 04-р сарын 30 хүртэлх теле хичээлийн хуваарь, "Тамирын чимээ" сургуулийн сонин, дараагийн даалгаврыг ч өгчээ.
Багш нар хөдөөгийн багийн 352, сумын төвийн 162 сурагчтай ажиллахад цахим хичээлээ байнга үзэж байгаа 140, хааяа үздэг 246, огт үзээгүй 128 сурагч байв. Анги удирдсан багш нар болон мэргэжлийн багш нар сурагчидтайгаа утсаар болон эцэг эхээр нь дамжуулан нэмэлт даалгавруудыг өгч байгаа ба даалгавраа тогтмол хийдэг 92, хааяа 267, огт хийгээгүй 106 сурагч байгаа ажээ.
Тус сургуулийн багш нар 5-р сарын теле хичээлийн хуваарь гарахаар тухайн сарын эхний долоо хоногт багтаан төв, хөдөө байгаа сурагчидтайгаа дахин ажиллах гэнэ. Өнөөдрийн байдлаар багш нар дараагийн даалгаврууд, бусад өгөх материалаа бэлтгэж байна.