Н.Цогт-Очир: Увс аймаг автовокзалтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-06-20 14:45:02

Хот хооронд болон улс хооронд том оврын автобус зорчигч тээвэрлэж байгаатай холбогдуулан Увс аймгийн Улаангом хотноо автовокзал байгуулах гэж байна. Энэ талаар Увс аймгийн Автотээврийн төвийн дарга Н.Цогт-Очироос тодрууллаа.

-Автовокзалтай болох асуудал юу болж байна?

-Аймаг орон нутагтаа стандартад нийцсэн автовокзалтай болох зорилт тавин ажиллаж байгаа. Манай байгууллагын зүгээс холбогдох судалгааг хийж, санал хүсэлтээ Зам тээврийн яам болон Автотээврийн Үндэсний төвд явуулсан. Үүний үр дүнд Төрийн өмчийн хороо болон Засгийн газраас аймгийн төвийн хуучин нисэх буудлын барилгыг автовокзал болгон ашиглуулахаар шийдвэрлэсэнд бид бүхэн баяртай байна. Ингэснээр Увс аймгийн ард иргэд цэвэр, тохилог, ая тухтай орчинд үйлчилгээ хүртэх боломж бүрдэх юм. Ирэх 9-р сар гэхэд автовокзал ашиглалтад орчих байх.

-Та ажлаа аваад багагүй хугацаа өнгөрчээ. Тэгэхээр энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, ололт амжилтынхаа талаар яриач? 

-2012 оны 11-р сараас аймгийн Автотээврийн төвийн даргаар ажиллаж байна. Ер нь Монгол улсын хэмжээнд автотээврийн салбарын хөгжил хурдтай явагдаж байгаа. Шинэлэг ажлууд олноор хийгдэж, ахиц дэвшил ч гарч байна. Манай аймгийн хувьд хамгийн онцлох зүйл нь улс, хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа стандартад нийцсэн, аюулгүй, олон нийтийн сэтгэлд хүрсэн үйлчилгээ  болж чадлаа. Зорчигч тээврийн үйлчилгээг хэн дуртай нь хийдэг байсныг өөрчилж, тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдүүд буюу зорчигч тээврийн компаниуд  дагнан хариуцаж ажилласнаар үйлчилгээ нь чанартай болж, аюулгүй байдал нь бүрэн хангагдсан. Зорчигч тээвэрт тавигдах хяналтыг сайжруулж ажилласнаар хулгайн тээвэр буюу хууль бус зорчигч тээвэрлэлт эрс багасч, зорчигч тээвэрлэх эрх бүхий тээврийн хэрэгслээр үйлчлүүлэгчдийн тоо 2012 оныхоос 3 дахин нэмэгдлээ. Хот хоорондын зорчигч тээврийн компаниудын маань үйл ажиллагаа нь жигдэрч, үйлчилгээ нь чанаржиж байгаад баяртай байгаа. 

-Хот хооронд дандаа том оврын автобус явдаг болсон уу?

-Хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа бүх компаниуд 45 хүний суудалтай том оврын шинэ автобусаар Улаангом-Улаанбаатар-Улаангомын чиглэлд зорчигч тээвэрлэж байна. Зам сайжирсантай холбоотойгоор Улаангом-Улаанбаатарын чиглэлийн автобусууд хоногтой л хот ордог боллоо. Үүнээс гадна “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компани ОХУ-ын Тува улсын Кызыл, цаашаагаа Горный Алтай, Абакан, Красноярскийн чиглэлд зорчигч тээвэрлэж байна.

 Б.Батхүү

Увс аймаг Б.Батхүү

関連ニュース