"Хөгжлийн цаг" цахим уулзалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ "Хөгжлийн цаг" иргэдтэй уулзах уулзалтаа цахимаар хийлээ.
Иргэн төвтэй төрийн үйлчилгээг бий болгох, иргэдийн оролцоо идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын шийдвэрээр иргэдээ сонсох уулзалтыг хийдэг уламжлал тогтоод байгаа юм. Энэхүү уулзалтуудад иргэдээс гарсан санал санаачилгыг "Нутгийн хишиг" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртөө тусган хэрэгжүүлж байна. Цар тахалтай холбоотойгоор уг уулзалтыг цахимаар явуулж иргэдийнхээ санал хүсэлтийг хүлээн авлаа.
Уулзалтад аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Засаг даргын орлогч Н.Энхбат болон холбогдох албаныхан оролцсон байна. Иргэдээс сурагчдын хоцрогдол арилгах давтлагыг ялангуяа бага ангийн хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгах танхимын сургалтыг эхлүүлэх, Улсын тэргүүний Лаборатори нэгдүгээр сургуулийн их засварын ажлыг шийдвэрлэх, газар тариалан эрхлэгч, иргэдэд худаг ус гаргаж дэмжиж ажиллах талаар санал уламжилсан. Мөн түрээсийн орон сууц хөтөлбөр болон бусад асуудлаар иргэд сонирхсон асуултдаа хариулт авч санал бодлоо илэрхийллээ.