Дэлхийн анхны цахилгаан хөдөлгүүрт цэнэглэгч хөлөг онгоцыг усанд тавьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-12-23 16:02:33

ТОКИО. /TASS/. Японы усан онгоц үйлдвэрлэгч “Koa Sangyou” компани дэлхийн анхны цахилгаан хөдөлгүүрт цэнэглэгч хөлөг онгоцыг усанд тавьжээ.  


Энэхүү үйл явдлын ёслолын ажиллагаа Сикоку арлын Кагава муж дахь усан онгоцны үйлдвэрт болсон байна.


“Asahi Tanker” компанийн захиалгаар бүтээж, тус компанийн нэрээр “Asahi” хэмээн нэрлэсэн уг хөлөг онгоцны урт нь 62 м, газрын тосны бүтээгдэхүүн хадгалах савны хэмжээ нь 1.28 мянган шоо метр ажээ. Нийт 3480 кВт хүчин чадалтай лити-ион батарейгаар тоноглогдсон байна.


Түүнчлэн 150-180 км замыг туулах чадвартай бөгөөд бүрэн цэнэглэхэд 10 орчим цаг зарцуулдаг байна. Мөн хөлөг онгоц нь онцгой байдлын үед цахилгаан эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглах боломжтой системээр тоноглогджээ. Үүнээс гадна, цахилгаан моторын чичиргээ, дуу чимээ нь ердийнхөөс хамаагүй бага бөгөөд энэ нь багийнханд илүү тохь тухтай байх аж.


“Asahi”-г ирэх оны гуравдугаар сараас Токиогийн булан дахь далай дамнасан том хөлөг онгоцуудыг шатахуунаар цэнэглэхэд ашиглахаар төлөвлөж байна.


関連ニュース