Найрамдлын гэрээ байгуулахыг АНУ-д санал болгов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-02 10:57:32

НҮБ. /TASS/. АНУ зөвхөн Умард Солонгостой найрамдлын гэрээнд гарын үсэг зурсан нөхцөлд Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг намжаах “үр бүтээлтэй яриа хэлцээ” хийхийг Пхеньян зөвшөөрнө гэж тус улсын Гадаад хэргийн сайд Ли Су Ён НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы улс төрийн ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэхдээ мэдэгджээ.

"Гагцхүү түр эвлэрэх гэрээг АНУ найрамдлын гэрээгээр сольсон тохиолдолд Умард Солонгосын Засгийн газар Солонгосын хойгт дайн, мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэх үр бүтээлтэй яриа хэлцээ хийхэд  бэлэн байна” гэж тэрбээр хэлсэн байна.

1950-1953 оны Солонгосын хойгийн дайн дууссаны дараа НҮБ-ын далбаан дор тулалдаж байсан АНУ-ын болон Умард Солонгосын цэргүүд хооронд түр эвлэрэх гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд дайн албан ёсоор дуусаагүй юм. Америкийн эрх баригчид өнөөг хүртэл 28 мянган цэргээ Өмнөд Солонгост байлган, түүгээр барахгүй найрамдлын гэрээ байгуулах асуудлыг хэлэлцэхээс татгалзаж байгаа билээ.

Ли Су Ёны хэлснээр, хэрэв АНУ бодлогоо зоригтой өөрчилбөл Солонгосын хойгийн аюулгүй байдалтай холбоотой нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдөнө. “Энэ бол бидний санал болгож буй хамгийн оновчтой шийдэл” гэж Ли Су Ён хэлжээ.

“Түр эвлэрлийн гэрээг найрамдлын гэрээгээр солих нь Солонгосын хойгт энх тайван, аюулгүй байдлыг хангах арга зам бөгөөд Умард Солонгос болон НҮБ хоорондын хэвийн бус харилцааг өөрчилнө” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

ЛИ Су Ён улс төрийн ерөнхий хэлэлцүүлэгт хоёр дахь жилдээ үг хэлж байгаа юм. Өнгөрсөн жил тэрбээр сүүлийн 15 жилд Ерөнхий Ассамблейн индрээс үг хэлсэн Умард Солонгосын анхны Гадаад хэргийн сайд болжээ. Үг хэлэхийнхээ өмнө тэрбээр Бан Ги Мүнтэй уулзсан байна.

Д.Жаргал

関連ニュース
コメント