Дөшийн тойрмыг хамгаалалтад авах шаардлагатай газар нутаг гэж үзлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгйн БОАЖГ-аас Дөшийн тойрмыг хамгаалалтад авах шаардлагатай газар нутаг гэж үзлээ.
Ховор амьтдын 2012 онд гарсан жагсаалтад орсон амьтад энд амьдарч байгаа юм. Мөн зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенцын хоёрдугаар хавсралтад бүртгэгдсэн амьтад амьдарч байгаа нутаг тул ийнхүү хамгаалалтад авах шаардлагатай. Энэхүү тойром нь Хүрмэн, Баяндалай сумын нутаг 119724,5 га талбайг хамардаг. Тухайлбал хар сүүлтий, янгир, аргаль, хулан, цагаан зээр, цоохондой, чоно, үнэг, цагаан үен, мануул, хярс, эрээн хүрэн, өмхий хүрэн, бозлог зурам, шар чичүүл байдаг.
Мөн монгол чичүүл, монгол даахай, өөхөн-сүүлт атигдаахай, таван-хуруут атигдаахай, сибирь алагдаахай, элсний зусаг, орог зусаг, бор шишүүхэй, цомц шишүүхэй, хэрэлзий оготно, боролзон туулай, сибирь малтаахай дэлдэн зараа зэрэг амьтад амьдарч байна.
Ургамлын тухайд улаан бударганат, багалуурт, монгол бүйлэс, монгол мөнх харгана, хойрог харгана, говийн харгана, ганц навчит салжир, эгэл өмхий өвс, зүүн гарын гоёо, потанланы улаан тулам, цөлийн аргамжин цэцэг, цагаан навчит хас зул зэрэг ховор ургамлууд ургадаг.