УЕФА-гийн Ерөнхийлөгчийг 9 дүгээр сард тодруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
adiyakhuu@montsame.mn
2016-07-24 15:19:34

ЖЕНЕВ./TASS/. Словен улсын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Александер Чеферин, Испанийн Хөлбөмбөгийн холбооны тэргүүн Анхель Мария Вильяр, Нидерландын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Михаэль ван Праг нар УЕФА-гийн Ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдөхөөр тунаж үлдлээ.

Уг тушаалд нэрээ дэвшүүлэхээр өргөдөл өгөх эцсийн хугацаа энэ сарын 20-нд дууссан бол УЕФА-гийн Ерөнхийлөгчийг тодруулах сонгуулийг Грекийн нийслэл Афин хотод 9 дүгээр сарын 14-нд явуулахаар товложээ. Энэ үеэр тус байгууллагын Ерөнхийлөгчийн албан тушаалаас Францын иргэн Мишель Платини-г огцруулж байгааг албан ёсоор зарлах юм. Тэрбээр УЕФА-г 2007 оноос хойш удирджээ.

Сануулан дурдахад, 2015 оны 12 дугаар сард Платини-гийн хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь 8 жилээр хасч, мөнгөн торгууль ногдуулсан юм. Үүний дараахан уг 8 жилийн хугацааг 6 жил болгон өөрчилсөн байна.

Харин Платини Спортын арбитрын шүүхэд зарга мэдүүлснээр торгуулийн хэмжээ 80 мянган франк байсныг 60 мянган франк болгож бууруулсны дээр эрх хассан хугацааг 4 жил болгожээ.  

Б.Адъяахүү  

 

 

 

関連ニュース