Тариат сумын Эрүүл мэндийн төвийг төслийн санхүүжилтээр өргөтгөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-03-17 13:27:44

Архангай /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2022 онд хэрэгжих “Архангай аймгийн Тариат сумын эрүүл мэндийн төвийн өргөтгөл төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд Х.Кобаяши болон Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал нар гарын үсэг зурлаа.

Архангай аймгийн Тариат сумын Эрүүл мэндийн төв нь өрөө, багтаамж муутайгаас шалтгаалан харьяа сумдын иргэд амбулатороор үзүүлэх болон хэвтэн эмчлүүлэхэд хүндрэл учирч, ялангуяа аялал жуулчлалын үеэр ачаалал ихсэн, тус төвийн эрүүл мэндийн үйлчилгээний стандарт алдагдаж, хэвийн үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй болоод байсан юм. Тиймээс уг төсөл хэрэгжсэнээр жилд амбулатороор үзүүлдэг 6500 иргэн, хэвтэн эмчлүүлдэг 900 гаруй өвчтөний ая тухтай нөхцөлийг бүрдүүлж, мөн аялал жуулчлалын улиралд гадаад, дотоодын жуулчдад ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой болох юм.

Япон Улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өдийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 579 дахь, Архангай аймагт хэрэгжих 20 дэх төсөл болж байгаа юм. Энэхүү төсөлд олгогдох төсвийн дээд хязгаар нь 806,352,956 сая төгрөг байна.

関連ニュース