“Чулуут тул 2030” төслийн үр дүнд 15 сая жарамгайг үржүүлэн нутагшуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-04-25 12:27:52

Архангай /МОНЦАМЭ/. "Чулуут тул" НҮТББ-аас орон нутгийн байгаль хамгаалагчид, сайн дурын иргэд, эрдэмтэн судлаачдыг хамруулан Чулуутын голын сав газарт 2019 оноос “Чулуут тул 2030” төслийг эхлүүлсэн. Төслийн хүрээнд 2019-2021 оны гурван жилийн хугацаанд 1.8-2.3 см хүртэлх урттай хадран, 2.3-2.7 см урттай зэвэг загасны 1,230,000 жарамгайг лабораторид үржүүлэн байгальд нь тавьсан байна.

Загас байгалийнхаа жамаар үржих үед нийт түрсний 5 хувь нь л жараахай болж цаашид нас бие гүйцэн амьдрах боломжтой болдог. Харин “Чулуут тул” төслийн багийнхан ямар ч хорогдолгүй нийт түрсээс 100 хувь жараахай гарган авч байгаа бөгөөд нутагшуулсан жарамгайнуудын 40 хувь нь нас бие гүйцэх аж.

Төслийн багийнхан 2025 он гэхэд 7 сая, 2030 он гэхэд 15 сая жарамгайг үржүүлэн нутагшуулахаар зорьж байгаа юм. Төслийн хүрээнд Тариат сумын Алтаад багийн нутагт Алтаад голын Борын хоолой хэмээх газарт зориудын аргаар загас үржүүлэх 8х6 хэмжээтэй лабораторийг барьжээ.


"Чулуут тул" НҮТББ нь Чулуут голын сав газарт тархсан 12 төрөл зүйлийн уугуул загаснуудыг хамгаалахаас гадна сүргийн бүтэц, тархалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа тооцоон дээр бүс нутгийн хэмжээнд устаж, ховордож буй загас болон агнуурын төрөл зүйлийн загаснууд болох зэвэг, хадран, гутаарь, тул, хилэм, варлан зэргийг зориудын аргаар өсгөж, сав газрын загасны нөөцийг боломжит хэвийн хэмжээнд хүргэхээр ажиллаж байгаа аж.

Энэ төсөл нь 2030 он хүртэл хэрэгжсэнээр Чулуут голын хэмжээнд хүрээлэн орчин ба усан орчин хамгаалагдахаас гадна загасны амьдрах усан орчин өнөөгийн байдлаас илүүтэй сэргэн сайжирч, агнуурын болон жараахайн төрөл зүйлийн загасны нөөц нэмэгдэж, байгалийн жамаараа нөхөн үржих чадвар сэргэх ажээ.

関連ニュース