АРХАНГАЙ: Энэ хичээлийн жилд 2047 хүүхэд 1-р ангид элсэн суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-08-31 11:33:37

Архангай /МОНЦАМЭ/. 2022-2023 оны хичээлийн жилд Архангай аймагт төрийн өмчийн 30, хувийн өмчийн 1 ерөнхий боловсролын сургууль, төрийн өмчийн 35, хувийн өмчийн 1 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна.

Аймгийн боловсрол, шинжлэх ухааны газраас 5 настай хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд 100 хувь хамруулах зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд 5 настай 2100 орчим хүүхэд хамрагдана гэсэн тооцоолол байна. Энэ хичээлийн жилд Архангай аймагт 2047 хүүхэд 1-р ангид элсэн орно. БШУЯ-наас 1-р ангид элсэж буй сурагчдыг хамран сургах тойргийн дагуу буюу оршин суугаа хаягийн харьяаллын дагуу ерөнхий боловсролын сургуульд элсүүлэхээр шийдвэрлэсэн нь энэ хичээлийн жилийн онцлог болж байна.

Ерөнхий боловсролын сургуульд урьдчилсан тооцооллоор 20100 орчим хүүхэд суралцахаар байгаа нь өнгөрсөн хичээлийн жилээс 1000 орчим хүүхдээр нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарын 2022-2023 оны хичээлийн жилийн зорилгыг “Хүүхдийн нийгэм, сэтгэл зүй, танин мэдэхүйн хөгжлийг дэмжих, боловсрол эзэмшихэд тулгарч буй бэрхшээлийг арилгаж, сурах тэгш боломж бүрдүүлэх, хувь хүний онцлогт нийцүүлэн сургалт, үйл ажиллагааг чанар, үр дүнтэй зохион байгуулах, хамтран суралцах арга барилыг сургалтад нэвтрүүлэх” хэмээн тодорхойлсон байна. Энэхүү зорилгын хүрээнд БШУЯ-наас 10 зорилтыг дэвшүүлэн, хэрэгжилтийг ханган ажиллахаар төлөвлөжээ. 

関連ニュース