АРХАНГАЙ: Чулуут голын гүүрнээс Халзан бүргэдэй хүртэлх замын хогийг цэвэрлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг дахь Орхон-Чулуут голын сав газрын
захиргаанаас Өндөр-Улаан сумын Бэлхи багийн
нутагт Чулуут голын эрэг дагуу төвлөрсөн ахуйн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг энэ сарын 7-ны өдөр
зохион байгууллаа. Цэвэрлэгээг
30 орчим хүн Чулуут голын гүүрнээс Халзан
бүргэдэй хүртэл
нийт 7 км орчим газрыг хамруулан цэвэрлэж, 8 тонн хог хаягдлыг
сумын төвийн төвлөрсөн хогийн цэгт зайлуулан хаяжээ.
Хог цэвэрлэгээний ажилд Хангай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Өндөр-Улаан сумын ЗДТГ, Бэлхи багийн Засаг дарга болон дүйцүүлэх албаны цэргүүд, Чулуут голын гүүр дагуу үйл ажиллагаа явуулж буй иргэд хамтран оролцсон байна.
Тус ажлыг БОАЖ-ын сайдын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 09 тоот албан даалгаврын
хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зохион байгуулжээ.