Архангай /МОНЦАМЭ/. Хангай сум 2022 оны Орон нутгийн хөгжлийн сангийн 15,0 сая төгрөгийн санхүүжилтээр сумынхаа гудамж болон хашааны хаягжуулалтыг стандартын дагуу шинэчилж, цахим хаягжуулалтыг бий болгосон талаарх мэдээллийг Архангай медиа группийн Хангай сум дахь сурвалжлагч П.Баттулга мэдээллээ.
Хангай сумын уугуул, Газарзүйн мэдээллийн системийн мэргэжилтэн С.Эрдэнэцогт цахим хаягжуулалтыг орчин үеийн цахим технологи болох openstreetmap.org зургийн платформ дээр суурилан хийж, олон нийтэд нээлттэй байдлаар бүтээсэн аж. Тэрээр цаашдаа цахим хаягжуулалтыг байнга шинэчлэх ажлыг хариуцана гэжээ.
Олон нийтэд нээлттэй, үнэгүй organic maps, maps.me, magic.maps гэх мэт аппликэйшнүүдийг ашиглан цахим хаягжуулалтыг өдөр тутмынхаа хэрэглээнд ашиглах боломжтойгоос гадна хашааны хаягийг олох хайлт хийх, мөн хүрч очих дөт зам, чиглэлийг заадгаараа онцлог, давуу талтай аж.
Тэрчлэн сумын хөгжлийн төлөвлөгөөний дагуу шинээр төлөвлөлт, шинэ хашаа, хороолол баригдах нөхцөлд шинэ гудамж, хашааны хаягжилтыг тухай бүрд нь нэмж оруулах, шинэчлэх боломжтой аж.
Энэ ажлыг “Эндүс Эрхэт” ХХК гүйцэтгэсэн байна.