АНУ-ын Олимпын Хороо тамирчдынхаа өмнөөс уучлалт гуйлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-08-19 15:34:16

ВАШИНГТОН. /ВВС/.  Буутай этгээдүүдэд дээрэмдүүлсэн гэж дөрвөн усанд сэлэгч нь худал мэдүүлэг өгсөнтэй холбогдуулан Америкийн Олимпын хороо бразилчуудаас уучлалт гуйлаа.

АНУ-ын дөрвөн усанд сэлэгч, тэдний дотор Риогийн Олимпын 4х200 м-ийн чөлөөт буухиа сэлэлтийн төрөлд алтан медаль хүртсэн Райан Лохте дээрэмдүүлсэн гэж худал мэдүүлэг өгснийг Бразилын цагдаа нар тогтоосон юм.

Усанд сэлэгчид мэдэгдэхдээ “ням гарагийн өглөөгүүр Рио-де-Жанейро дахь тамирчдын тосгон руу таксигаар явж байхад бүлэг этгээд таксиг зогсоож, буу тулган бидний мөнгийг дээрэмдсэн” гэсэн билээ.

Харин Риогийн цагдаа нар мөрдөн шалгалт явуулсны эцэст өчигдөр мэдэгдэл хийхдээ “энэ дөрвөн тамирчин тамирчдын тосгон руу таксигаар явж байгаад ариун цэврийн өрөө орохын тулд шатахуун түгээх станцын дэргэд зогссон. Тэдний нэг нь ариун цэврийн өрөөний эд зүйлийг эвдэлж хэмхэлсэн. Үүнийг нь мэдсэн хамгаалагч залуус хохирол барагдуулахыг  тамирчдаас хүссэн. Харин усанд сэлэгчид таксигаар зугтахыг завдахад хамгаалагч залуусын нэг нь машины өмнө зогсон, буу гаргасан байна. Ингээд тамирчид шатахуун түгээх станцад эвдэрч хэмхэлсэн зүйлийнхээ төлбөрт 30 орчим долларыг хамгаалагчид өгснийг бид олж тогтоолоо” гэсэн юм.

АНУ-ын Олимпын хорооны мэдэгдэлд “байж боломгүй, зохисгүй үйлдэл гаргасан тамирчдынхаа өмнөөс Риогийн Олимпын наадмыг зохион байгуулагчид болон Бразилын ард түмнээс уучлалт гуйж байна” гэжээ.

Г.Доржханд
 

関連ニュース