Энэтхэг улс хүн дүрст роботыг сансарт илгээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны долоодугаар сарын 30 /Deccan Herald/. Энэтхэгийн Сансар судлалын байгууллага (ISRO) “Gaganyaan” сансрын хөлгөөр хүмүүсийг тойрог замд илгээхийн өмнө системийг нь турших зорилгоор сансарт хүн дүрст роботыг илгээхээр төлөвлөж байгаа тухай тус байгууллагын тэргүүн Ви Нараянан мэдээлжээ.
“Gaganyaan” бол сансрын нисгэгчдийг тойрог замд гаргах Энэтхэгийн анхны хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийг 2027 оны гуравдугаар сар гэхэд хэрэгжүүлэхийн тулд ISRO бүх хүчин чармайлтаа тавьж байна гэж Ви Нараянан мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ, Бид гурван удаа автомат нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Эхний нислэгийг энэ оны 12 дугаар сард хийнэ. Энэ нислэгээр хүн дүрст роботыг сансарт илгээнэ гэжээ. Хэрэв энэ нислэг амжилттай болбол 2027 оны сүүлчийн нислэгээс өмнө 2026 онд хоёр дахь нислэгийг гүйцэтгэнэ гэж ISRO-гийн тэргүүн хэлсэн байна.
Хүн дүрст роботыг "Vyommitra" гэж нэрлэжээ. ISRO уг роботыг 2024 оны гуравдугаар улиралд тойрог замд илгээхээр төлөвлөж байсан юм.
“2022 он гэхэд Энэтхэгийн сансрын нисгэгчид үндэсний далбаагаа гартаа барин сансарт ниснэ” хэмээн тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2018 оны наймдугаар сард мэдэгдэж байв. “Gaganyaan” гэдэг нь санскрит хэлээр “тэнгэрийн хөлөг” гэсэн утгатай. Гэвч 2020 оны гуравдугаар сард "COVID-19" цар тахал дэгдсэнээр төслийн ажил зогсож, “Gaganyaan” хөтөлбөрийн нислэг хойшлогджээ.