Ирландын Олимпын хорооны ерөнхийлөгчийг Риогийн шоронд хийжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭРИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. Олимпын наадмын тасалбарыг борлуулах хууль бус сүлжээ байгуулсан хэргээр баривчлагдсан Ирландын Олимпын хорооны ерөнхийлөгч Патрик Хикки-г Рио-де-Жанейрогийн нэгэн шоронд баасан гарагт хийжээ.
Өдгөө 71 настай түүнийг өнгөрсөн лхагва гарагт баривчилсан бөгөөд эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хоёр хонуулсан байна.
Бразилын цагдаа нарын мэдэгдсэнээр, тус улсад тасалбаруудыг борлуулахын тулд Ирландын Олимпын хороо “Pro 10” компанийг хөлсөлжээ. Гэсэн хэдий ч дараа нь тус компани тасалбаруудыг Ирландын өөр нэгэн компани болох “THG”-д дамжуулсан байна. Риогийн зочид буудлаас 1000 орчим тасалбар олдсоноор энэ сарын эхээр “THG”-ийн захирал Кевин Жеймс Маллоныг баривчилж байсан юм.
Энэ хууль бус сүлжээ нь тасалбаруудыг анхны үнээс нь тав дахин өндөр үнээр борлуулж байсан байна. Тухайлбал, Олимпын нээлтийн ёслолын тасалбарыг 8000 хүртэлх доллароор борлуулж байсан бол хаалтын ёслолын тасалбарыг 15 мянга хүртэлх доллароор борлуулж байсан гэнэ.
Хикки-г шүүгч батлан даалтаар гаргахаас татгалзсанаар Рио-де-Жанейрогийн “Бангу 10” шорон руу шилжүүлжээ.
Түүнийг бүх албан тушаалаас нь огцруулжээ.
Тэрбээр Ирландын Олимпын хорооны тэргүүн, Европын Олимпын хорооны гишүүн болон Олон улсын Олимпын хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан юм.
Г.Доржханд