“Microsoft” Украинд 250 сая ам.долларын техникийн дэмжлэг үзүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Америкийн “Microsoft” корпорац техникийн дэмжлэг үзүүлэх хэлбэрээр Украинд 250 сая гаруй ам.долларын тусламж үзүүлжээ.
“Microsoft”-ын тусламжид "Оросын хортой программын дайралтад түргэн шуурхай хариу арга хэмжээ авах, хамгаалахын тулд” Украины албан тушаалтнуудтай холбогдох аюулгүй холбооны шугамууд багтсан гэж компанийн салбарын дэд ерөнхийлөгч Уэс Андерсон мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, тус корпорац Украинд тусламж дэмжлэг үзүүлж буй бусад компаниуд болон ашгийн бус байгууллагуудад техникийн дэмжлэг үзүүлжээ.
“Microsoft” мөн тус орны хилийн цаана буй иргэд, гэр бүлийнхэнд “Skype”-аар 43 сая цаг үнэ төлбөргүй холбогдох эрх олгосон байна.
Гуравдугаар сарын сүүлчээр “Microsoft” ОХУ-ын үйлчлүүлэгчидтэй хамтын ажиллагаагаа зогсоохгүй, мөн Оросын сургууль, эмнэлэг болон бусад олон байгууллагатай үргэлжлүүлэн хамтран ажиллана гэж мэдэгдэж байв. Хожим нь тус компани Орост үйл ажиллагаагаа хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулах эсвэл бүрмөсөн зогсоох хүртэл ажлаа аажмаар хумина гэж мэдэгджээ. Энэхүү шийдвэртэй холбогдуулан тус корпорацад өр, хөрөнгийн элэгдлийн зардал зэрэгтэй холбоотой 126 сая ам.долларын үйл ажиллагааны зардал бүртгэгдсэн байна.