АРХАНГАЙ: Малжуулах төсөл хэрэгжиж эхлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Хашаат суманд мал цөөтэй, малгүй, цаашид малчин болох зорилго, сонирхолтой, малын дөртэй залуусыг малжуулах төсөлд хамруулж байгаа тухай мэдээг Архангай медиа группын Хашаат сум дахь сурвалжлагч А.Лхагвасүрэн мэдээллээ.
Шинэлэг энэ төслийн санхүүжилтийг баг, сумын удирдлагууд сумын ИТХ-аар батлуулан хэрэгжүүлэх аж. Тодруулбал, энэ жил 50 сая төгрөгийг баталсан байна. Энэ дагуу 5 багийн ИНХ-аар малжуулах төсөлд хамрагдах хүсэлтээ гаргасан өрхүүдийг хэлэлцүүлжээ.
Баг болгоноос 5-7 өрх хүсэлтээ өгснөөс иргэдийн хамгийн олон санал авсан тус бүр 2, нийт 10 өрх бүрт 5 сая төгрөг оноож байгаа бөгөөд зусаг эм хонь, эм ямаа олгох юм. Төсөлд хамрагдсан өрх бүр 2 жилийн дотор буюу 2023-2024 онд 5, 10-р сард эргэн төлөлт хийх юм байна.
Төсөлд хамрагдсан айлуудад комисс очиж уулзахдаа маллах арга ухаанд шамдан суралцахыг хүсээд төслийн үр дүн, хэрэгжилтэд хяналт тавьж, зөвлөгөө өгч ажиллана гэжээ.