АРХАНГАЙ: Шинэ ажлын байранд 658 иргэн ажилд оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт энэ оны 12 дугаар сарын 1-ний байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 1078 ажилгүй хүн байгаагийн 495 (45.9%) нь эмэгтэйчүүд байна. Өнгөрсөн оны мөн үеийнхээс бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 2.1 хувиар буурсан байна.
Эхний 11 сарын байдлаар шинэ ажлын байранд 658 иргэн ажилд зуучлагдсанаас боловсруулах үйлдвэрт 97, барилгын салбарт 46, хөдөө аж ахуйн салбарт 151, төрийн байгууллагад 222, 100 иргэн бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт ажилд орсон байна.
Эрдэнэбулган сум 122, Хотонт 73, Ихтамир, Булган, Батцэнгэл, Өлзийт, Өндөр-Улаан, Цэнхэр, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Чулуут, Тариат, Хангай, Хайрхан сумд 16-48 шинэ ажлын байр бий болгожээ.
Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 99.0 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 180 нь дээд, 39 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 793 нь бүрэн болон бүрэн бус дунд, 56 нь бага боловсролтой хүмүүс байна.
11 дүгээр сард ажилгүйчүүдийн бүртгэлд 246 хүн шинээр бүртгүүлж, 200 хүн ажилд зуучлуулан оржээ.