АРХАНГАЙ: Өв соёлоо гүнзгийрүүлэн суралцахад "Хүмүүн бичиг" сонин тусална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-02-10 08:58:03

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Лаборатори 1 дүгээр сургуулийн Цэрэндондовын Цэрэнбалжид багштай 10в анги хамт олон "Хүмүүн бичиг" сониныг ангиараа захиаллаа.


Монгол хүн бүр үндэсний бичгээрээ уншиж, бичиж чаддаг байх нь эх орон тусгаар тогтнолоо хадгалж үлдэх гол түлхүүр бөгөөд эх орондоо ихийг бүтээсэн иргэн хүмүүн болох холын зорилго тээн сониноо захиалсан байна. Мөн 2025 оноос монгол бичиг төрийн бичиг болох учраас унших, бичих чадвараа улам сайжруулах хэрэгцээ хүн бүрийн өмнө тулгарч байна. Хичээнгүй, таталган, гүйлгэн, эвхмэл, бийр гээд үндэсний бичгийн өв соёлоос гүнзгийрүүлэн суралцах, онолын мэдлэг чадвараа дээшлүүлэхэд "Хүмүүн бичиг" сонин бидэнд тусална гэлээ.


10в анги хамт олон 2018 оноос эхлэн, "Номтой нөхөрлөхүй..." коридорын номын санг аймагтаа хамгийн анх байгуулан, жил ирэх бүр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Одоогоор үүдэн номын сан нь хандиваар цугласан 10000 орчим номтой, хүүхэд, насанд хүрэгч нийлсэн 2000 орчим уншигчтай.


10в ангид нийгмийн идэвх, сурлага, урлаг, спортоороо тэргүүний сурагч олон бий. Ангийн дарга Хаянхирваагийн Анужин.

Архангай аймгийн Хүүхдийн зөвлөлийн тэргүүн Амгалангийн Азжаргал, Эрдэнэбулган сумын хүүхдийн зөвлөлийн тэргүүн Эрдэнэбатын Ундрах, 2022 оны шилдэг сурагч Чинбатын Хүслэн, Өлзий-Утасын Энхмаа, Баатарсүрэнгийн Буяндэлгэр нар тус ангид суралцдаг нь багш, сурагчдын төдийгүй сургуулийн бахархал юм.


Мөн тус ангид волейболын улсын спортын зэрэгтэй гурав, ширээний теннисний улсын спортын зэрэгтэй дөрөв, сагсан бөмбөгийн улсын спортын зэрэгтэй хоёр, хөл бөмбөг болон 100 буудалт даамын улсын спортын зэрэгтэй нэг, нэг тамирчин суралцаж байна. Сургууль, аймагт зохион байгуулж буй урлаг, спортын бүхий л үйл ажиллагаанд анги хамт олноороо идэвхтэй оролцож, тогтмол эхний байруудыг эзэлдэг байна.

関連ニュース