Орон нутгийн хурлын нөхөн сонгууль 6 дугаар сарын 18-нд орон даяар болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-03-28 13:07:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгуулийн Ерөнхий хорооноос орон нутгийн хурлын нөхөн сонгуулийг ирэх 6 дугаар сарын 18-нд орон даяар нэгдсэн журмаар зохион байгуулна гэж мэдээллээ.


Үүнд, 17 аймгийн 33 сум, нийслэлийн 2 дүүрэгт нийт 46 мандатад нөхөн сонгууль явуулах аж. Үүний гурав нь аймгийн ИТХ-ынх, 43 нь сум, дүүргийнх юм. Хуульд зааснаар бол, тухайн төлөөлөгч нас барсан, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон, шүүхийн шийдвэр гарсан, тус орон нутгаас шилжсэн болон өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бол уг сонгуулийг явуулдаг байна. Өөрөөр хэлбэл, нас барсан 22, чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн 3, гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдсон 5, тус орон нутгаас шилжсэн 6, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон 10 хүн байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д “Орон нутгийн хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, 2020 онд орон нутгийн хурлын сонгуулийн хууль тогтоомж шинэчлэгдсэнээр жил бүр нэгдсэн журмаар улс даяар нэгэн зэрэг нөхөн болон дахин сонгуулийг явуулж байхаар тогтсон. Энэ удаагийн нөхөн сонгууль нь улс даяар нэгэн зэрэг явагдах 2 дахь удаагийн тохиолдол юм.

関連ニュース