Улаанбаатар хотын дулаан хангамжид схемийн өөрчлөлт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-30 16:03:13

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Эрчим хүчний салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн засварын ажлын талаар Засгийн газрын хуралдаанд өнөөдөр танилцууллаа.


2025 оны 7 дугаар сарын 15-ны байдлаар дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол 69 зуухнаас ажилд 24, бэлтгэлд 20 байгаа бөгөөд 25 зууханд засварын ажил хийж байна. Мөн 49 турбогенератороос ажилд 23, бэлтгэлд 13 байгаа бөгөөд 13 турбогенераторт засварын ажил хийж, системийн горим ажиллагаа хэвийн, төлөвлөгөөт засварын ажлууд төлөвлөгөөний дагуу хийж байна.


Эрчим хүчний салбарын нийт 45 компанийн хэмжээнд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах үндсэн болон туслах тоноглолын их засвар, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явц 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжиж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар блокийг энэ оны 12 дугаар сард ашиглалтад оруулах, БНХАУ-аас шаардлагатай тохиолдолд цахилгаан эрчим хүч импортлох боломжийг бүрдүүлэх, 220 кВ-ын хуваарилах байгууламжийн барилга угсралтын ажлыг өвлийн ачаалал эхлэхээс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа ажээ.


Улаанбаатар хотын дулаан хангамжийн системд схемийн өөрчлөлт хийж “ДЦС-3” хангаж буй хүчин чадлаас 50 Гкал/ц-ыг нь “ДЦС-4”, “Амгалан дулааны станц”-д шилжүүлэх юм. Эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг төлөвлөсөн хугацаанд чанартай хийж дуусгахаар ажиллаж байна.

 

関連ニュース