АРХАНГАЙ: Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд энэ сарын 6,7-ны өдрүүдэд ихэнх нутгаар их хэмжээний бороо үргэлжлэн орж байгаа тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэм хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух магадлал өндөр байгааг УЦУОШТ-ийн Гадаргын ус судлалын өртөөнөөс мэдээллээ.
Иймд гол мөрний сав эрэг дагуу суурьшиж нутагшиж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, иргэд, аялж амарч, зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Түүнчлэн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтөй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч, урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөлөө.
Урд шөнө Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Батцэнгэл, Жаргалант, Өгийнуур, Хайрхай, Хашаат, Хотонт, Цэцэрлэг сумдын нутгаар 0.3-3.0 мм бороо, аадар бороо оржээ.
Салхины тухайд өчигдөр өдөр Эрдэнэбулган, Өлзийт, Хайрхан, Хангай, Хашаат, Чулуут, Цахир сумдын нутгаар, урд шөнө Батцэнгэл, Өлзийт сумдын нутгаар секундэд 11-13 метр хүрч ширүүсчээ.
Архангай аймгийн тухайд 7 дугаар сарын 12-ныг хүртэл хугацаанд
үргэлжилсэн бороо орох төлөвтэй байна.