АРХАНГАЙ: Амарч явсан 200 иргэн, 43 автомашиныг аюулгүй газарт шилжүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Үргэлжлэн орсон борооны улмаас Эрдэнэбулган сум буюу Цэцэрлэг хотын урдуур урсах Урд тамирын голын Сангийн толгойн гүүр нурж сэтэрсэн. Энэ гүүр нь Цэнхэрийн халуун рашаан орох хамгийн ойр дөт замд байдаг.
Зарим аялагч иргэд гүүрийг нурсан учраас гол гатлах үйлдэл хийж буй нь живэх шалтгаан болж байна.
Өөрөөр хэлбэл, Цэнхэр сумын халуун рашаан зорчиж явсан “Жийп Вранглер” загварын автомашинтай гол гатлах гэж яваад живсэн гэсэн дуудлагыг ОБГ хүлээн авч, тус газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид автомашиныг Бэлчирийн голд хөвж байсныг татан гаргасан байна.
Мөн Тамирын гол үеэрлэн автомашинтай зорчиж яваа иргэд голд боогдсон гэсэн дуудлагыг 14-ний өдрийн шөнө ОБГ хүлээн авсан.
Тус дуудлагаар Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид боогдсон автомашиныг гаргаж, тэнд амарч явсан 200 иргэн, 43 автомашиныг аюулгүй газарт гарган аврах ажиллагаа явуулжээ.
Аялж, зугаалж яваа иргэд аюулгүй байдлаа ханган голын ай сав газар майхан барихгүй, өндөрлөг газарт буудлахыг анхааруулж байна.
Мөн аялагч, амрагч, зугаалж яваа иргэд үер усны аюулаас сэрэмжтэй байж, гол үеэрлэсэн үед баталгаатай зам гармаар зорчиж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.