Т.Ассефа марафон гүйлтийн дэлхийн дээд амжилтыг эвдлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
БЕРЛИН. /CNN/. Этиоп улсын тамирчин Тигист Ассефа ням гарагт болсон “Берлиний марафон” олон улсын гүйлтийн тэмцээний үеэр 2 цаг 11 минут 53 секундийн амжилт үзүүлснээр эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Тэрбээр уг тэмцээнд хоёр дахь жилдээ дараалан түрүүлж буй нь энэ бөгөөд Кенийн
гүйгч Брижид Косгей-ний 2019 оны Чикагогийн марафоны үеэр тогтоосон өмнөх дээд
амжилтыг 2 минут 11 секундээр ахиулжээ. Одоо холбогдох журмын дагуу рекорд амжилтыг баталгаажуулна гэдгийг Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо мэдэгдсэн байна.
Холын зайн гүйлтийн төрөлд харьцангуй шинэ залуу тамирчны тоонд ордог Т.Ассефагийн хувьд энэ удаагийн тэмцээн нь дундын зайн гүйлтээс тухайн төрөл рүү шилжсэнийхээ дараа оролцсон гурав дахь марафон гүйлт байв. Ташрамд дурдахад, түрүүлж барианд орсон эхний 12 эмэгтэй тамирчин 15 километрийн зайд дэлхийн дээд амжилттай дүйцэхүйц хугацаанд гүйсэн нь тэмцээн маш өрсөлдөөнтэй болсныг харуулж байна.
Т.Ассефа нийт зайн хагасыг туулахдаа дэлхийн дээд амжилтыг нэг минутаас илүү хугацаагаар эвдэж, ганцаараа тэмцээнийг өнгөлж эхэлжээ. Улмаар хоёрдугаар
байрт орсон Кенийн гүйгч Шейла Чепкируи, гуравдугаар
байрт шалгарсан Танзанийн тамирчин Магдалена Шаури нараас
ойролцоогоор зургаан минутын өмнө барианд орсон байна.
Түүнчлэн Кенийн тамирчин Элиуд Кипчоге эрэгтэйчүүдийн гүйлтэд тав дахь удаагаа түрүүлж, 2:02:42 гэсэн үзүүлэлттэйгээр барианд орсноор спортын замналдаа тавд бичигдэх амжилтыг үзүүллээ. Энэ
жилийн “Берлиний марафон”-д есөн эрэгтэй гүйгч 2 цаг 05 минутын дотор, найман эмэгтэй тамирчин 2 цаг 20 минутын дотор барианд орсон нь тамирчдын чансаа өндөр байсныг гэрчилнэ.