ЕВРО-2024-ийн тухай онцлох баримтууд
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /Sport.ru/. Энэ долоо хоногт ЕВРО-2024 тэмцээний эхний шат дуусаж, шувтаргын шатанд оролцох эрхээ авсан 21 баг тодорлоо.
Эдгээр нь тэмцээнийг зохион байгуулагч Германы баг болон хэсэг тус бүрдээ нэг ба хоёрдугаар байраар шалгарсан 20 баг юм. Ирэх оны хавар болох хасагдах
шатны тоглолтын дүнгээр дахин гурван баг тодорно. Энэ удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээний талаарх хэд хэдэн
сонирхолтой баримтыг онцолъё.
ДАШТ-ийн дараах ЕАШТ
Герман улс ЕВРО-2024 тэмцээнийг зохион байгуулна. Тус улс XXI зуунд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хэдийн
зохион байгуулсан бөгөөд 2006 оноос хойш 18 жилийн дараа Европын
аварга шалгаруулах тэмцээнийг зохион
байгуулах гэж байна. Франц
улс мөн ийм хугацааны дараа буюу 1998 онд ДАШТ, 2016 онд ЕАШТ-ийг зохион
байгуулсан нь сонирхолтой. Тэгэхээр цаг
хугацаа өнгөрөх тусам геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөж, Орос улс 2036 онд тивийн
аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг авна гэж хүлээх үлдлээ.
Серби, Хорват, Словенийн хөлбөмбөгчид тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ
аваад байгаа. Мөн Босни-Херцеговины
багийн хувьд дөрөв дэх эрхийг авах боломж бий.
Босничууд Украины багтай
тоглох бөгөөд хожсон тохиолдолд Израиль-Исландын аль ялсантай нь ЕВРО-2024-т оролцох эрхийн төлөө өрсөлдөнө.
Өмнө нь түүхэнд ийм тохиолдол гарч байгаагүй билээ. 2004, 2008, 2012, 2016 онуудад зөвхөн Хорватын баг ЕАШТ-ний шувтаргын шатанд оролцох эрхээ авч байсан бол ЕВРО-2020 тэмцээнд Хорват, Хойд Македон хоёр хамтдаа оролцож байв.
2008 оноос хойш анх удаа Скандинавын ганцхан баг Евро-д оролцоно
Скандинавын орнуудын дотроос Данийн баг шувтаргын шатанд оролцох эрхээ аваад байна. Тивийн аваргад байнга оролцдог Швед, мөн Норвегийн баг шувтаргын тоглолтод шалгарч чадсангүй. Одоо зөвхөн исландчууд л хасагдах шатны тоглолтоос шувтаргын тоглолтонд шалгарах
боломжоо хадгалж үлджээ. Хэрвээ тэд Израилийн
багийг хожвол Украин, Босни-Херцеговины аль хожсонтой нь тоглох юм. Хамгийн сүүлд 2008 онд Скандинавын ганцхан баг ЕАШТ-ний шувтаргын шатанд оролцож байсан нь Шведийн баг байлаа. 2012 онд Швед, Дани, 2016 онд Швед, Исланд, 2020 онд Швед, Данийн хөлбөмбөгчид ЕАШТ-ний төгсгөлийн шатанд оролцож байжээ.
2000 оноос хойш анх удаа хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудын баг шалгарахгүй байж магадгүй
Одоогийн байдлаар хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудын багуудаас нэг нь ч ЕАШТ-ний шувтаргын шатанд оролцох эрхээ авч чадаагүй байна. Оросын хөлбөмбөгчид олон улсын тэмцээнд оролцох
эрхээ хасуулж сонгон шалгаруулах шатны тэмцээнд оролцоогүй бол Беларусь,
Армени, Азербайжан, Литва, Латви, Эстони, Молдова улсууд шувтаргын шатанд шалгарч чадсангүй.
Украин, Гүрж, Казахстаны хувьд плей-оффт шалгарах боломж бий. Гэхдээ Гүрж, Казахстаны багууд хасагдах шатны эхний тойрогт өрсөлдөгчдөө хожсон тохиолдолд хоорондоо учраа таарна.