Өвлийн Олимпыг зохион байгуулах хүсэлтээсээ Саппоро татгалзав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2023-12-20 13:24:25

САППОРО, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /NHK/. Японы нутгийн хамгийн хойд хэсэгт орших Хоккайдо мужийн Саппоро хотын эрх баригчид 2030 оны өвлийн олимп, паралимпыг зохион байгуулах хүсэлтээсээ татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.


Хотын дарга Кацүхиро Акимото, Хоккайдо мужийн захирагч Наомичи Сүзүки нар энэ асуудлыг орон нутгийн бизнесийн хүрээнийхэн, Японы Олимпын хороо болон бусад байгууллагын төлөөлөлтэй мягмар гарагт буюу өчигдөр хэлэлцжээ.


Уулзалтын дараа К.Акимото сэтгүүлчдэд хэлэхдээ "Саппород өвлийн олимпын наадмыг зохион байгуулах боломжтой боловч энэ нь 15 жилийн дараачаас яригдах асуудал" гэжээ.


Өнгөрсөн сард Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ Францын Альп, АНУ-ын Солт-Лейк хотуудыг 2030, 2034 оны өвлийн наадмыг зохион байгуулах давуу эрхтэй нэр дэвшигчдээр сонгосон юм. Мөн Швейцар улсыг 2038 оны Өвлийн олимпын наадмын талаарх “давуу эрхтэй яриа хэлэлцээнд” урьсан байна. 





関連ニュース