Неймар Америкийн цомын тэмцээнийг өнжинө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2023-12-20 15:28:34

РИО-ДЕ-ЖАНЕЙРО, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /Sport.ru/. “Аль-Хилал” багийн довтлогч Неймар 2024 оны Америкийн цомын тэмцээн эхлэхээс өмнө сэргэлт авч амжихгүй гэж Бразилын шигшээ багийн эмч Родриго Ласмар мэдэгдлээ.


Ингэснээр 31 настай хөл бөмбөгийн од АНУ-д ирэх оны 6 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 14-нд болох цомын тэмцээнд оролцох боломжгүй болжээ.   


“Одоогоор цаг эрт байгаа учраас Неймар нөхөн сэргээх курс эмчилгээгээ түргэсгэх гэж яарах шаардлагагүй. Тэрбээр 2024 оны 8 дугаар сард Европын хөл бөмбөгийн улирал эхлэх үед багтаа эргэж ирнэ хэмээн бид найдаж байгаа” гэж Ласмар ярилаа.  


Неймар 10 дугаар сарын 17-нд 2026 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд Уругвайн багтай Монтевидео хотод (0:2) тоглох үеэрээ хүнд бэртэл авч, дамнуургаар зөөлгөн талбайг орхижээ. Түүнд "хэрээс хэлбэрийн холбоос ба өвдөгний үений мөгөөрсөн жийрэг гэмтсэн" гэх онош тавьсан бөгөөд өвдөгний мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээнд наад зах нь найман сарын хугацаа шаардлагатай болсон байна.


Неймар наймдугаар сард Францын “Парис Сен-Жермен” багаас 90 сая еврогоор Саудын Арабын “Аль-Хилал” клубт шилжин ирсэн бөгөөд тус багийн бүрэлдэхүүнд таван тоглолтод оролцохдоо нэг гоол оруулж, гурван оновчтой дамжуулалт өгчээ.


Тэрбээр дэлхийн хөл бөмбөгийн спортын түүхэн дэх хамгийн үнэ цэнтэй тамирчин бөгөөд Испанийн “Барселона” клубээс “Пари-Сен-Жермен”-д 222 сая еврогоор шилжин очиж байв. Түүнчлэн Бразилын шигшээ багийн түүхэн дэх шилдэг довтлогч бөгөөд 128 тоглолтод оролцохдоо 79 гоол оруулжээ. 

 

 

 

関連ニュース