Неймарыг ПСЖ-д шилжүүлсэнтэй холбоотой хэргээр нэгжлэг хийжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ПАРИС, 2024 оны нэгдүгээр сарын 18 /AFP/. Бразилын довтлогч Неймарыг Парисын хөл бөмбөгийн "ПСЖ" клуб рүү шилжүүлэх явцад гарсан байж болзошгүй татварын зөрчлийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Францын Сангийн яаманд нэгжлэг хийжээ.
Даваа гарагт Францын Сангийн яамны Берси дүүрэг (Парис) дэх байранд авлига, санхүү, татварын гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд нэгжлэг хийсэн байна.
Нэгжлэгийг 2017 онд Неймарыг шилжүүлэх явцад "ПСЖ"-д татварын хөнгөлөлт үзүүлсэн гэх хардлагыг шалгах хүрээнд явуулжээ.
Өдгөө 31 настай Неймар 2017 онд Испанийн “Барселона” клубээс хамгийн өндөр үнээр буюу 222 сая еврогоор “ПСЖ” -д шилжин ирсэн юм. Тус багийн бүрэлдэхүүнд тэрбээр Францын таван удаагийн аварга болж, Супер цомыг дөрвөн удаа хүртсэн бол Францын Цомыг гурван удаа, Францын лигийн цомыг хоёр удаа өргөжээ. Харин Каталоны клубийн бүрэлдэхүүнд Испанийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа, улсын цомын тэмцээнд гурван удаа, Аваргуудын лиг, УЕФА-гийн супер цом, Клубүүдийн дэлхийн аваргад тус тус нэг удаа түрүүлсэн байна.
Бразилын шигшээ багийн бүрэлдэхүүнд 128 тоглолтод оролцохдоо 79 гоол оруулжээ. Тэрбээр оруулсан гоолын тоогоор шигшээ багтаа дээд амжилтыг тогтоосон байна. Неймар 2023 оны наймдугаар сард Саудын Арабын "Аль-Хиляль" баг руу шилжсэн билээ.