“Apple Watch”-ын сүүлийн загварууд хүчилтөрөгч хэмжигчгүй болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН, 2024
оны нэгдүгээр сарын 18 /CNBC/. Apple компани “Apple Watch” ухаалаг бугуйн цагны хамгийн сүүлийн үеийн загваруудынхаа цусан дахь хүчилтөрөгчийн түвшнийг хэмжих функцийг байхгүй болгохоор шийджээ. Ингэснээр “Masimo” компанитай шүүх дээр маргаантай байгаа эдгээр бүтээгдэхүүнийг
АНУ-д импортлох, борлуулах боломжтой
болох юм.
“Apple
Watch Series 9”, “Ultra 2” загварын өөрчлөгдсөн хувилбарууд пүрэв гарагт худалдаанд гарна гэж Apple
мэдэгджээ. Эдгээр загварыг өнгөрсөн
есдүгээр сард танилцуулсан юм. Хэрэглэгчид уг хувилбаруудын цусан дахь хүчилтөрөгч хэмжих дүрс дээр товших үед дэлгэцэн дээр хэрэглэгчийг Apple-ийн цахим хуудсан дээрх тайлбар луу хөтлөх сануулга гарч ирэх ажээ.
Apple компани нь
сүүлийн хэдэн сарын турш эрүүл мэндийн төхөөрөмж үйлдвэрлэгч “Masimo” компанитай оюуны өмчийн асуудлаар маргаантай байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн 10 дугаар сард Олон
улсын худалдааны комисс Apple-ийн ухаалаг цагны цусан дахь хүчилтөрөгчийн мэдрэгч нь “Masimo”-гийн
патентын эрхийг зөрчсөн
болохыг тогтоожээ.
Патентын эрхийг зөрчсөн гэх ухаалаг цагнуудыг 12 дугаар сард түр хугацаагаар худалдахыг хориглосон юм. Apple энэхүү шийдвэрийг давж заалдсанаар хориг хүчин төгөлдөр болох хугацааг хойшлуулж чадсан боловч лхагва гарагт давж заалдах шатны шүүх үүнийг хүчингүй болгож, төхөөрөмжүүдийг энэ пүрэв гаргийн орой гэхэд худалдаанаас татах эсвэл програм хангамжид өөрчлөлт хийх ёстой гэж шийдвэрлэжээ. Apple компани хоёр дахь шийдвэрийг дагахаар шийдвэрлэсэн байна.
Apple худалдаанд гаргасан
бүтээгдэхүүнийхээ функцийг байхгүй болгох
нь тун ховор үзэгдэл юм.
Цусан дахь хүчилтөрөгчийн түвшнийг хэмжигч
байхгүй болсноор уг бүтээгдэхүүнийг худалдан авах сонирхол буурахад нөлөөлж магадгүй байна. 2023 оны санхүүгийн жилд Apple-ийн чихэвч зэрэг өмсөж, зүүх зориулалттай төхөөрөмжийн борлуулалт 39.8
тэрбум ам.долларт хүрчээ.