Канвон-2024: Өмнөд Солонгосын тэшүүрчид хоёр медаль хүртлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
КАННИН, 2024 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Канвон-2024” Залуучуудын өвлийн Олимпын наадмыг зохион байгуулж буй Өмнөд Солонгосын баг тамирчид өнөөдөр гүйлтийн тэшүүрийн төрлөөр хоёр медаль хүртлээ.
Өмнөд Солонгосын
тамирчин Жүн Хуй Дан
хоёр долоо хоногийн турш үргэлжлэх
залуучуудын наадмын гурав дахь өдөр Сөүлээс зүүн зүгт 160 км зайд орших Каннин хотын “Gangneung Oval” цэнгэлдэх хүрээлэнд эмэгтэйчүүдийн 500
метрийн төрөлд мөнгөн медаль
хүртлээ. Өдгөө 16 настай тэрбээр Нидерландын тамирчин Энжел Дейлманаас 0.36 секундээр хоцорч, 39.64 секундэд барианд оржээ.
Харин
эрэгтэйчүүдийн 500 метрийн төрөлд
Шин Сон Ун 37.13 секундийн амжилтаар хүрэл медаль хүртэв. Энэхүү төрөлд Германы тамирчин Финн Соннекалб 36.61 секундийн амжилтаар алтан медаль,
Норвегийн тамирчин Миика
Йохан Клевстюэн /36.79 секунд/ мөнгөн медалийн болзлыг тус тус хангасан байна.
Өмнөд Солонгосын баг тамирчид өнгөрсөн бямба гарагт шорт-трекийн төрлөөс алт, хүрэл медаль хүртжээ.
Тэмцээний эхний гурван байрт шалгарсан тамирчдад медалийг олгодог боловч Олон улсын Олимпын хорооноос албан ёсоор медалийн хүснэгтийг гаргадаггүй.
Залуучуудад зориулсан энэхүү тэмцээнд оролцогч өсвөр насны тамирчдын хувьд тэмцээн уралдаан гэхээсээ илүү нөхөрлөл, соёлын үйл ажиллагаанд түлхүү анхаарал хандуулдаг.
Залуучуудын өвлийн IV Олимп ирэх хоёрдугаар сарын 1-нд өндөрлөнө.