Монгол-Австрийн бизнес форумын талаар мэдээллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-04-24 11:46:48

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Австри Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны худалдааны хэлтсийн дэд дарга, худалдааны атташе хатагтай Мануэла Сандлер Монголын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын гадаад харилцаа, хамтын ажиллагааны удирдлагатай уулзлаа.

Тэрбээр, энэ оны 4 дүгээр сарын 25-нд зохион байгуулах Монгол-Австрийн бизнес форум, МҮХАҮТ, Австри улсын Холбооны эдийн засгийн танхим хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулах ёслолын ажиллагааны талаар ярилцаж санал солилцлоо. 


Монгол-Австрийн энэ удаагийн бизнес форумд Австри улсын талаас эмнэлгийн тоног төхөөрөмж, сүү болон мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, систем, сав баглаа, цаас, мод, төмөр үйлдвэрлэл, нийлүүлэлт, бүх төрлийн тайз угсралт зэрэг чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг томоохон компаниудын төлөөлөл оролцох талаар мэдээллээ.

Бизнес форумд Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Австри улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд ноён Андреас Риекэн, Австри улсын холбооны эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч ноён Филипп Гади нарын албаны хүмүүс мөн оролцох аж.




Нэмж мэдээлэхэд, өнгөрсөн 2023 онд Монгол, Австри хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиосон юм. Ойн үеэр хоёр тал Монгол-Австрийн хоорондох харилцаа эдийн засаг, бизнесийн салбарт өргөжиж буйг тэмдэглэж, хоёр улсын худалдааны эргэлт 2022 онд 43.5 сая гаруй ам.долларт хүрснийг мэдээлж байв.

Монгол Улсаас Австрид малын өлөн гэдэс зэрэг МАА-н дайвар бүтээгдэхүүн, гянт болдын хүдэр, баяжмал зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн, мөн оёмол сүлжмэл бүтээгдэхүүн нийлүүлдэг бол Австри улсаас суудлын машин, хүнд машин механизм, бяслаг аарц, ундаа, лабораторийн төхөөрөмж, эм зэрэг бараа бүтээгдэхүүн импортолж байна.

関連ニュース