“Байер”-ын хожигдолгүй цуврал үргэлжилсээр

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-05-13 08:48:23

МОСКВА, 2024 оны тавдугаар сарын 13 /РИА Новости/. Германы аварга шалгаруулах тэмцээний 33 дугаар тойргийн тоглолтод Леверкузен хотын “Байер” багийн хөлбөмбөгчид “Бохум” багийг талбайд нь хожсоноор энэ улирлын туршид хожигдоогүй рекорд амжилтаа бататгалаа.

 

Ням гарагт Бохум хотод болсон тоглолтод 5:0 харьцаагаар леверкузенчүүд талбайн эздийг “бутниргэжээ”. Гоолуудыг Патрик Шик (41 дэх минут), Виктор Бонифасе (45+2, торгуулийн цохилтоор), Амин Адли (76), Йосип Станишич (87), Алехандро Гримальдо (90+3) нар оруулсан байна. Тоглолтын 15 дахь минутанд Феликс Пасслак талбайгаас хөөгдсөнөөр талбайн эзэд 10-уулаа үлджээ.

 

Энэ улиралд ялагдал гэдгийг үзээгүй байгаа леверкузенчууд УЕФА байгуулагдсанаас хойших түүхэнд тогтоосон дээд амжилтаа ахиулж, хожигдолгүй тоглолтуудынхоо тоог 50 болголоо. Одоогоор “Байер” баг Бундеслигийн тэмцээний хүснэгтийг 87 оноотойгоор тэргүүлж байгаа бол “Бохум” баг 33 оноотойгоор 14 дүгээр байранд явж байгаа бөгөөд Германы аварга шалгаруулах тэмцээн дуусахад ганцхан тойрог үлджээ.

 

Харин улирал дуусах хүртэл “Байер” баг гурван тоглолт хийх ёстой бөгөөд улсын АШТ-ний сүүлчийн тойрогт “Аугсбург” багтай 5 дугаар сарын 18-нд, үргэлжлүүлээд 22-ны өдөр Европын лигийн финалд Италийн “Аталанта” багтай, дараа нь 25-ны өдөр Германы цомын аваргын төлөө “Кайзерслаутерн” багтай тус тус тоглоно. 

関連ニュース