Н.Жоковичийн бие таагүй байгаа тул эмнэлэгт үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-05-13 11:23:29

МОСКВА, 2024 оны тавдугаар сарын 13 /РИА Новости/. Дэлхийн нэг номерын теннисчин, Сербийн иргэн Новак Жокович Францын аварга шалгаруулах нээлттэй тэмцээний өмнө эмнэлгийн үзлэгт орох бодолтой байгаагаа мэдэгдсэн байна. Учир нь, түүний толгой дээр усны сав унаснаас хойш толгой нь байнга өвдөж байгаа ажээ.  


Баасан гарагт тэрбээр Ром хотноо болж буй “Мастерс” цуврал тэмцээний хоёрдугаар тойрогт Францын тамирчин Корентен Муте-г хожсоныхоо дараа үзэгчдэд гарын үсгээ өгөх үед нэгэн хөгжөөн дэмжигчийн үүргэвчнээс унасан устай сав түүний толгойг хүчтэй цохижээ. Үүний улмаас Жокович толгойгоо барин өвдөглөн унаж, хэсэг хугацаанд босож чадахгүй байлаа.


Бямба гарагт тэрбээр бэлтгэл хийх үеэрээ тоглоом наргиан болгож дугуйны хамгаалалтын малгай өмссөн байв. Ням гарагт болсон 3 дугаар тойргийн тоглолтод өдгөө 36 настай Жокович Чилийн теннисчин Алехандро Табило-д хожигджээ.


“Үнэнийг хэлэхэд, юу болоод байгааг ойлгохгүй байна. Бэлтгэлийн үеэр онц гойд юм мэдрэгдээгүй, гэхдээ л ердийнхөөс арай өөр байлаа. Өнөөдөр хүчтэй стрессийн улмаас нэг л таагүй байсан, гэхдээ өвдөлтийн улмаас бус харин тэнцвэрийн тал дээр. Ямар ч хөдөлгөөний тэнцвэр алга. Хоёр өдрийн өмнөхтэй харьцуулахад би огт өөр хүн болж өөрчлөгджээ” хэмээн нэрт теннисчин ярьсныг Франс Пресс агентлаг дамжуулсан байна. Баасан гаргийн шөнө түүний толгой нь эргэж, дотор нь эвгүйрхсэн тул Францын нээлттэй тэмцээний өмнө эмнэлэгт үзүүлэхээр шийджээ.


“Их дуулга”-ын хоёр дахь тэмцээн “Ролан Гаррос” 5 дугаар сарын 20-нд Парист эхэлнэ.  

関連ニュース