Арне Слот "Ливерпүүл"-ийг дасгалжуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-05-21 14:30:23

МОСКВА, 2024 оны тавдугаар сарын 21 /РИА Новости/. Нидерландын иргэн Арне Слот Английн “Ливерпүүл” клубийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон тухай тус клубийн цахим хуудсанд бичжээ.  


Өдгөө 45 настай дасгалжуулагчтай хэдэн жилийн гэрээ байгуулсан талаар нарийн тодорхой мэдээлэл алга байна. The Times сонины сэтгүүлч Пол Жойсын мэдээлснээр бол, гэрээг гурван жилийн хугацаатай байгуулсан бололтой. А.Скотт Их Британид ажиллах зөвшөөрөл авсныхаа дараа 6 дугаар сарын 1-нээс  “Ливерпүүл”-д албан ёсоор ажиллаж эхэлнэ. Гэхдээ одоо ажиллаж буй клубээсээ явах талаар эцэслэн тохиролцсон байх шаардлагатай. Тус багийнхан дасгалжуулагчаа үдэж нийгмийн сүлжээнд бичихдээ “Роттердамд дурсамжийг бүтээснийхээ дараа “улаантан” болоход бэлэн” гэжээ.


А.Слот 2015 оноос хойш “Ливерпүүл”-ийг дасгалжуулж буй Германы иргэн Юрген Клоппын оронд ирж байгаа юм. Ю.Клопп тус багийг Аваргуудын лиг, Английн аварга шалгаруулах тэмцээн, клубүүдийн ДАШТ, Английн лиг, Английн лигийн цом, УЕФА-гийн Супер цомын тэмцээнүүдэд түрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.  


Харин А.Слот 2021 оноос хойш "Фейенорд" багийг дасгалжуулж байгаа бөгөөд үүнээс өмнө Алкмарын АЗ клубийн дасгалжуулагчаар ажиллаж байв. Түүний удирдлага дор Роттердамын клуб өнгөрсөн улиралд Нидерландын аварга цолыг хүртсэн бол энэ улиралд Нидерландын цомын эзэн болж, 2022 онд УЕФА-гийн Конференцийн лигийн финал хүртэл тоглосон юм. 

関連ニュース