Дасгалжуулагч Почеттинотой байгуулсан гэрээгээ "Челси" цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-05-22 15:34:37

ЛОНДОН, 2024 оны тавдугаар сарын 22. /TASS/. Аргентины дасгалжуулагч Маурисио Почеттино Английн “Челси” багийн ахлах дасгалжуулагчийн албыг орхисон тухай тус клубийн хэвлэлийн алба мэдээлэв. Дасгалжуулагч ба клубийн хоорнд байгуулсан гэрээг цуцлах шийдвэрийг харилцан зөвшилцсөний үндсэн дээр гаргажээ.


"Клубийн түүхийн нэг хэсэг болох боломжийг олгосон “Челси”-г эзэмшигч группт баярлалаа. Клубийн хувьд ирэх жилүүдэд Английн аварга шалгаруулах тэмцээн болон Европын тэмцээнүүдэд амжилттай оролцох сайхан боломж бий болсон" гэж М.Почеттино хэлжээ. 


Өдгөө 52 настай М.Почеттино 2023 оны тавдугаар сараас эхлэн "Челси” багийн хөлбөмбөгчдийг дасгалжуулжээ. Түүний удирдлага дор тус клуб Английн аварга шалгаруулах тэмцээнд зургаадугаар байр эзэлж, 2024/25 оны улиралд Европын цомын тэмцээнд оролцох эрх авсан билээ. Мөн Английн лигийн цомын финалд шалгарсан бөгөөд нэмэлт цагт “Ливерпүүл” багт 0:1-ээр хожигдсон юм. 


М.Почеттино 2021-2022 онд Францын “Парис Сен-Жермен” багийг дасгалжуулж байсан бөгөөд энэ хугацаанд тус баг Францын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, улсын цом, супер цомын эзэн болсон юм. Тэрбээр мөн Испанийн “Эспаньол”, Английн “Саутхэмптон”, “Тоттенхэм” багуудын дасгалжуулагчаар ажиллаж байлаа. 2019 онд “Тоттенхэм” баг түүний удирдлага дор Аваргуудын лигийн финалд шалгарч, "Ливерпүүл"-д 0:2-оор хожигдсон байна.


М.Почеттино Аргентины “Ньюэллс Олд Бойз”, “Эспаньол”, Францын “ПСЖ”, "Бордо" клубүүдэд тоглож байсан юм. “Эспаньол” багт тоглох хугацаандаа тэрбээр Испанийн цомын хоёр удаагийн аварга болсон бол Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд  20 тоглолтод оролцож, 2 гоол оруулж байжээ. 




関連ニュース