Беларусийн сүрлэн урлалыг таван мянган монгол хүүхэд сурчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны
тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монгол
Улс, Беларусь Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 32 жилийн ой тохиож байна. Беларусь орныг монгол оронд
атрын анхны шанг татсан “Беларус” трактороос эхлээд аварга том “БелАЗ”, “МАЗ”
зэрэг хүчирхэг техник хэрэгслүүдээр нь монголчууд сайн мэддэг. Тэгвэл Беларусийн
бас нэгэн нэрийн хуудас болсон сүрлэн урлалыг Монголд нэвтрүүлснээс хойш 5
мянган монгол хүүхэд суралцсан байдаг ажээ.
Беларусьт сурч байсан монгол оюутан, сурагчдыг хариуцаж байсан Монгол Улсын Ардын багш Бавуугийн Цэрэндорж энэ урлалыг эх орондоо дэлгэрүүлсэн түүхтэй. Хүүхдийн урлан бүтээх төвийн багш Б.Туяагаас сүрлэн урлалын тухай тодруулсан юм.
-Хүүхдийн урлан бүтээх төвийг
Монгол Улсын ардын багш, шилдэг зохион бүтээгч Б.Цэрэндоржийн санаачилгаар
пионер сурагчдад хөдөлмөрийн хүмүүжил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зохион бүтээх, урлах авьяасыг нь хөгжүүлэх
зорилгоор 1988 онд байгуулсан байдаг. Беларусийн уламжлалт урлалыг Монголд анх хэрхэн
нэвтрүүлсэн байдаг вэ?
-Б.Цэрэндорж багш маань анх Беларусийн Чечерскийн районд хуучнаар ТМС, одоогийн техник мэргэжлийн сургуульд сурч байсан монгол сурагчдыг хариуцан ажиллаж байсан юм билээ. Нэг ёсондоо куратор багш нь байсан гэсэн үг л дээ. Тэгж явахдаа сүрлэн урлалыг сонирхож, сурч эхэлсэн юм билээ. Чечерскийн районыг Беларусийн сүрлийн орон гэдэг юм байна. Тэр үед монгол сурагчид нь чөлөөт цаг ихтэй байсан учир сүрлэн урлал зааж өгсөн юм билээ.
Эх орондоо ирээд багш
маань Беларусьт төгссөн шавь нарынхаа хамт Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд дугуйлан
нээсэн. Хүүхдийн урлан бүтээх төвийг анх 1988 онд байгуулахад манайх сүрлэн наамал, сүрлэн
сүлжмэл гэсэн 2 ангитай байсан юм билээ.
Миний хувьд, хуучнаар Пионер сурагчдын сургалт үйлдвэрлэлийн төв гэсэн нэртэй байхад нь сүлжмэлийн дугуйланд элссэн. Тэгэхэд би 3 дугаар ангийн хүүхэд байсан л даа. Тэгээд 10 дугаар ангиа төгсөөд эндээ багшаар ажилд орж байлаа.
-Тэгэхээр Монголд сүрлэн
урлал хүүхдийн энэ төвөөс дэлгэрч хөгжсөн гэж хэлж болох нь, тийм үү?
-Одоогийн манай энэ
Хүүхдийн урлан бүтээх төвийн байранд тухайн үед Цэргийн ансамбль байрлаж байсан.
Тэгээд 1988-1989 онд Б.Цэрэндорж багшийн санаачилгаар Пионер сурагчдын
сургалтын үйлдвэрлэлийн төв болгосон юм. Тэр үед голдуу сүрлэн урлалын дугуйлан
зонхилж байгаад дараа нь зургийн анги нэмэгдсэн. Тэгж явсаар одоо хүүхдийн
чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлдэг, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх олон дугуйлантай
болоод байна.
Б.Цэрэндорж багш маань “Хүний толгой ажиллаж байж гар ажилладаг” гэж хэлдэг байлаа. Хүүхдүүдэд бүтээлч сэтгэхүй суулгахад ихээхэн ач холбогдолтой гэдэг үүднээс л багш маань сүрлэн урлалыг Монголдоо нэвтрүүлсэн гэж би боддог. Ёстой мундаг багш байсан даа.
-Беларусьт суралцаж байсан
монгол хүүхдүүдээс тухайн үед хэд нь сүрлэн урлал сурч, эзэмшиж ирсэн байдаг вэ?
-Беларусьт тухайн үед суралцаж байсан бараг бүх хүүхэд чөлөөт цагаараа сүрлэн наамал, сүрлэн сүлжмэл хийдэг байсан юм билээ. Багшийн шавь, Беларусьт төгссөн М.Энхтуяа, Р.Энхбаяр гээд 10 гаруй хүн бий. Тэд бүгд Хүүхдийн урлан бүтээх төвд багшилж байгаад тэтгэвэртээ гарах нь гарч, зарим нь өөр ажил алба хийж байгаа. Төвөөрөө одоо орж гарцгааж л явдаг юм.
-Сүрлэн урлал ямар онцлогтой байдаг вэ?
-Беларусь тариалангийн
орон учир сүрлээ хаялгүй, түүгээр юм хийж ирсэн уламжлалтай. Яг энэ санаагаар
Б.Цэрэндорж багш маань, “Беларусь манайхтай их төстэй, тариан талбай ихтэй юм
байна. Гэтэл Монголд тариан талбайд сүрэл их хаягддаг, бараг хог болдог юм байна”
гэж бодож байгаагаа бидэнд хэлж, хэрэглэж ашиглая гэдэг үүднээс урлан
байгуулсан юм.
Манай багш, сурагчидтайгаа сүрлэнгийн урлалаар том том үзэсгэлэн гаргаж байв. “Дэлхийн амьтны ертөнц” гээд олон улсын үзэсгэлэнд оролцож байлаа. Дэлхийд устаж үгүй болсон амьтдыг сүрлээр урлаж, тухайн үеийн Үзэсгэлэн чимэглэлийн танхимд 1988 онд том үзэсгэлэн гаргаж байсан.
Беларусьт төгссөн болон энд дугуйланд суралцаж байсан хүүхдүүд, багш нар нийлж динозавраас эхлээд устаж ховордсон амьтдын зургийг харж байгаад сүрлээр урлаж байв. Ер нь, сүрлээр ахуйн хэрэглээний сагс болон бэлэг дурсгал, чимэглэл, урлагийн бүтээл гээд юу ч хийж болно. Их бат бөх, маш үзэмжтэй болдог.
-Одоо танай төвийн сүрлэн
урлалын дугуйланд хэдэн хүүхэд сурч байна вэ?
-Сүрлэн урлалыг нэг хүүхэд 2-3 жил дугуйланд суралцаж байж бүрэн гүйцэд эзэмшдэг. Манай дугуйлан анги гэхэд жилд 60 хүүхдийн элсэлт авдаг. Одоо наамал, сүлжмэл гэсэн хоёр анги байна. Урьд нь 7-8 ангитай байхад нь их олон хүүхэд төгсдөг байв. Тэгэхээр өнгөрсөн 35 жилийн хугацаанд 5 мянга гаруй хүүхэд сүрлэн урлалаар суралцаж төгссөн байна.
Сүрлэн урлаачдын үзэсгэлэнгийн бүтээлүүдээс:
Р.Энхбаяр, Г.Туяа нарын хамтарсан үзэсгэлэнгийн бүтээлүүдээс
Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн үзэсгэлэнгийн бүтээлээс