Эдийн засагт боломж их байгаа ч олон сорилттой тулгарахаар байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2024 оны зургадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам) бүс нутгийн болон Монгол Улсын эдийн засаг-нийгмийн нөхцөл байдал, ялангуяа бизнесийн орчны талаар сар бүр хэлэлцдэг уламжлалтай. Энэ оны зургадугаар сарын уулзалтаа “Сонгуулийн дараах Монгол Улсын дүр зураг” сэдвээр, эдийн засагчдыг оролцуулан өнөөдөр хийлээ.
Уулзалтаар эдийн засагч
Н.Энхбаяр, Ч.Хашчулуун, Б.Лакшми, Ж.Дэлгэрсайхан, “Римакс Монгол” группийн
захирал Б.Бүжинлхам нар сонгуулийн дараах эдийн засгийн байдлын төсөөллийн
талаар ярилцаж, шинээр байгуулагдах төр, засгийн ойрын болон дунд хугацааны
тэргүүлэх чиглэл, эдийн засгийн бодлогын талаар санал бодлоо хуваалцсан юм.
МУИСийн багш, эдийн засагч Ч.Хашчулуун, УИХ-ын сонгуулийн мөчлөгийн ерөнхий шинжийг харахад сонгуулийн
дараагаар Сангийн яам, ЭЗХЯ зэрэг холбогдох яамдад томилгоо хийгдэх хүлээлт
байна. Энд тодорхой хугацаа орно. Энэ нөхцөлд ирэх жилийн төсвөө хэлэлцэхэд
хугацаа алдаж болохгүй, бэлтгэх хэрэгтэй.
Эдийн засгийн өсөлт 6-7 хувьд хэвээр байх ч урд, хойд хоёр хөрш улсын эдийн засаг, олон улс дахь геополитикийн байдлаас хамаарч шалтгаалсан эрсдэл дагуулах хүлээлттэй байна. Эрчим хүчний бүтээн байгуулалт, томоохон төслүүдийг эхлүүлэх гээд гээд эдийн засагт олон боломж гарч ирэхээр байгаа. Гэхдээ боломжоосоо илүү олон сорилттой тулгарахаар байна.
Б.Бүжинлхам, үл хөдлөхийн салбар эдийн засгийн 6-7 хувийн өсөлтөө дагаад 15 хувийн өсөлт гарахаар байгаа. Орон сууцны эрэлт нэмэгдэж байна. Гэвч дэд бүтцийн хүртээмж муу хэвээр байгаа. Энэ нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирэх шаардлага тулгарч байна.
Эдийн засагч Н.Энхбаяр, улсын төсөв өөдрөг төсөөлөлтэй байгаа. Үүнд уул уурхай,
түүнийг дагасан тээврийн өсөлтийг тооцож байх шиг байна. Гэхдээ Дэлхийн
банкнаас эхлээд олон улсын байгууллагууд манай улсын өсөлтийн төсөөллийг бууруулж
буйг харгалзан үзэх хэрэгтэй. Дунд болон урт хугацааны хөгжлийн зорилтуудаа
эргэн харж уялдуулах учиртай.
СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан, шинээр байгуулагдах Засгийн газар өнөөдрийн эдийн засгийн өсөлт, эдийн засгийн өмнөх сайн талын үзүүлэлтийг хадгалж, үргэлжлүүлээд явахад уялдаа холбоо, залгамж халаа чухал. Шинэ төр, засаг цоо шинэ зүйл хийх боломжгүй.
Мөн үүнийг бид хийсэн,
эхлүүлсэн гэж талцаж булаацалдаж өмнөхөө үгүйсгэх бус, сул байсан нөхцөл
байдлаа дүгнэж, алдаагаа давтахгүйгээр урагшлах нь чухал. Эдийн засгийн
өсөлтийг төрийн байгууллагууд нэлээн өндөр таамаглаж байна. Миний хувьд 5-6
хувийн өсөлттэй байх болов уу гэв.
Эдийн засагч нар цаашид
бодлого, шийдвэр гаргагч нар эдийн засагт тогтвортой байдлыг хангахад анхаарах
хэрэгтэйг зөвлөж байлаа. Тогтвортой байдлыг зөвхөн эрх зүйгээр хязгаарлан
ойлгож болохгүй. Энд төсөл, хөтөлбөрийн чиг үүрэг, замын зураг, хэрэгжилт,
гүйцэтгэл маш тодорхой, ил тод, тогтвортой байх нь чухал хамааралтайг онцолж
байлаа.
Ирэх онуудын эдийн засгийн
тэргүүлэх чиглэл, салбарт эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын өсөлтийг нэрлэж байна.
Санхүүгийн салбарыг хамгийн ирээдүйтэй хэмээн тодотгож байлаа. Аль ч салбарт
хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах нь чухал байгааг нэмж хэлсэн юм.