Т.Баттулга: Монголын ХАА-д зах зээл бус, техник технологи хэрэгтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-06-09 11:08:08

Улаанбаатар, 2024 оны зургадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Олон улсын ХАА, ой, газар тариалангийн салбарын нэгдсэн үзэсгэлэн “Агро Экспо-2024”, газар тариалангийн форум Буянт-Ухаагийн спортын ордонд гурав дахь өдрөө үргэлжилж байна.


Газар тариалан эрхлэгчдийн форум өчигдөр уур амьсгалын өөрчлөлт болон усалгаатай тариалан, ургамал хамгаалал, механикжуулалт сэдвээр өрнөсөн бол форумын сүүлийн өдөр мод үржүүлгийн аж ахуй, ойн дагалдах баялаг сэдвээр болж, хөрс хамгаалах талаар нэлээн анхааран хэлэлцэж байна. 




Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр хэлэхдээ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнүүд амжилттай хэрэгжихэд “Агро экспо” үзэсгэлэн салшгүй холбоотой. Учир нь орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмж, шинэ инновацыг нэвтрүүлж байж ухаалаг, шинэ үеийн ХАА-н салбарыг бий болгож чадна.

Шинэ технологи, шинэ тоног төхөөрөмжийг нэвтрүүлэхэд “Агро Экспо-2024” үзэсгэлэн томоохон түлхэц болно. Энэ чиглэлд өндөр хөгжилтэй улсын компаниуд оролцож туршлага хуваалцаж, мэдээлэл солилцон, цаашдын хамтын ажиллагаагаа тэлж байна гэв.




Энэ жил манай улс 580 мянган га талбайд тариалж, 1.2 сая тонн ургац хураан авахаар төлөвлөжээ.


Зохион байгуулагч “Экспо Монгол” компанийн ерөнхий захирал Т.Баттулга, “Агро Экспо” үзэсгэлэн ХАА-н үндсэн хоёр салбар газар тариалан, мал аж ахуйг хамарч байсан бол энэ жилээс ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн салбарыг нэмж оролцуулан зохион байгуулж байна. Энэ чиглэлийн бизнес эрхэлдэг ААН-үүдийг үйлчилгээг танилцуулах, ойн аж ахуйн тоног төхөөрөмж, суулгац, цэцэрлэгжүүлэлт, зүлэг, цэцгийн үр нийлүүлэгчдийн бүтээгдэхүүнийг сурталчилж байна гэв.

Тэрбээр, манай улс ирээдүйд дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж чухам ХАА-н салбарт байгааг онцлоод, “Бидэнд газар тариалан, мал аж ахуйг өндөр түвшинд хөгжүүлж, дэлхийн зах зээл дээр гаргах өргөн уудам газар нутаг байна. Азийн том зах зээл дэргэд байна. Гагцхүү технологи, хөрсөө хамгаалах эрдэс бордоо, техник л хэрэгтэй” байна гэв.



Үзэсгэлэн, форумд оролцогч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын тариаланч Н.Амарсайхан, манайх газар тариалан эрхлээд 5 жил болж байна. Бид техник, технологи, бордоо, үрээр дутагддаг. Энэ удаагийн үзэсгэлэн шинэ технологи нэвтрүүлэх зорилготой болж байна. Техник, технологийн сонголт их байна. Форумоор шинэ мэдээлэл авлаа гэв.

Цаашид үзэсгэлэнг илүү өргөн цар хүрээг хамарч зохион байгуулах бөгөөд ХАА-н салбарын хөгжилд чухал түлхэц болж, олон улсын зах зээлд шууд гарах гүүр нь болох томоохон зорилт тавин ажиллаж буйг зохион байгуулагч нар нь энэ үеэр онцоллоо.


Үзэсгэлэнд дотоодын компаниудаас гадна энэ жил БНХАУ, БНСУ, Герман, ОХУ, Малайз, Америк, Сингапур зэрэг орны 100 орчим компанийн төлөөлөл оролцож, ХАА-н бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжөө танилцуулж байна.

Үзэсгэлэн, форумын ивээн тэтгэгчээр “Мөнх ногоон тал” компани, ХХААХҮЯ, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын тариаланчдын үндэсний холбоо, Монгол-Германы Бизнес эрхлэгчдийн холбоо, “Шинэ өсөлт” сэтгүүл, “Agronews.mn” дэмжин ажиллаж байна.


関連ニュース