Зээлийн мэдээллийн сангийн тохируулгыг хийж дууслаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-06-10 10:33:45

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монголбанкны Ерөнхийлөгчийн энэ оны 4 дүгээр сарын тушаалаар ангилагдсан, үлдэгдэлгүй зээлийг (санхүүгийн түрээс, зээл, гэрээгээр баталгаажсан бүх өр төлбөр) хамруулан 155,315 иргэн, аж ахуйн нэгжийн мэдээллийг төв банкны зээлийн лавлагаанд тусгагдахгүй байх тохируулгад хамрууллаа.


Монгол Улсад орчин цагийн банк байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулж, зудад нэрвэгдсэн, зээлтэй малчдын санхүүгийн хүндрэл, цар тахлаас үүдэн манай улсын нийгэм-эдийн засагт үзүүлсэн урт хугацааны сөрөг нөлөөг багасгах, санхүүгийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжихээр төв банк энэ оны 4 дүгээр сарын нэгний байдлаар анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй, муу зээлийн ангилалтай, зээлээ төлж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусгахгүй тохируулгыг хийхээр болсон билээ. Энэ шийдвэрийг дөрөвдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлснээр хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө энэ сарын 2-ны өдөрт багтаан барагдуулсан тохиолдолд дээрх шийдвэрт хамрагдах боломжийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгосон юм.


Эхний ээлжид дөрөвдүгээр сарын нэгний байдлаарх бүх ангилагдсан, үлдэгдэлгүй зээлийг хамруулж, зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй тохиргоо хийсэн. Ингэхдээ зээлийн муу ангилалтай ч зээл, өр, төлбөрийн үлдэгдэлгүй байх шаардлагад нийцсэн 127,761 иргэн, аж ахуйн нэгжийн мэдээллийг хамруулжээ.


Хоёр дахь шатанд өр, төлбөрөө бүрэн барагдуулж хаасан ангилагдсан зээл, төлбөрийн үүргийг зургаадугаар сарын 2-ны өдрөөр тасалбар болгон зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй тохиргоог хийв. Үүнд 27,554 иргэн, аж ахуйн нэгжийн хугацаа хэтэрсэн ангилалтай, үлдэгдэлгүй төлбөрийн үүргүүдийг хамруулсныг төв банк мэдээлэв. 

関連ニュース